Т.Мандир "Саран зэв" романы тэмдэглэл 2

Т.Мандир “Саран зэв” романы тэмдэглэл 2

Тэмдэглэл

Сүбээдэй жанжны тухай гоё кино хийвэл дэлхийг шуугиулна даа. Юун "Жумун" жанжин...

САРАН ЗЭВ-САЙХАН ЗОХИОЛ

Т.Мандир гуайн "Хорин нэгэн хөрөг"хэмээх сайхан бүтээлийг анх уншаад энэ хүний авьяас билэг,ур ухааныг гайхан биширч билээ.Есүхэй баатраас эхлэн Өгөөдэй хаан хүртэл Монголын түүхэнд товойн тодорсон нэн чухал хамааралтай 21түүхэн хүнийг дүрслэн үзүүлэхдээ хөрөг дүрий нь түүхэн их сурвалжуудаас харьцуулан үзэж өөрийн сэтгэмжээр зурж бүтээсэн гэж бодохоор манайдаа л нэн сонин анхны урлан зурах бүтээн туурвихын эхлэл байжээ гэж санагдана.Үүний дараагийн бүтээл болох "САРАН ЗЭВ" бол бэсрэгхэн хэмжээний зохиол боловч сонирхол шохоорхлыг зэрэг төрүүлсэн адал явдалт кино мэт амттай бүтээл билээ.

Өрнө дорнын олон хот балгад улс гүрнийг байлдан дагуулсан "Төмөр тэрэгт жанжин""Ганц нүдэт хөгшин чоно" хэмээн алдаршсан Сүбээдэй баатрын нэгэн удаагийн тулааныг сонирхолтойгоор дүрслэн үзүүлсэн зохиол юм.Идэрхэн настай Сүбээдэй жанжин өст Мэргэдүүдийн үлдэгдлийг даран сөнөөх үүрэг даалгавар авч Их Алтай Зүүн гарын Алтайг даван Илийн Алтайн хормойд бууж Удуйд мэргэдийн эзэн Тогтуга бэхийн хөвгүүд дутаан ирж нутагшсан Терликун хороог дайран довтлох зальжин овжин төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлснийг адал явдлын хэлхээн дунд уран нарийн дүрслэн үзүүлжээ.

Агт морьдын хурд хүч, зэр зэвсгийн эрдэм чадал, баатарлаг дайчдын эр зоригт дулдуйдахаас гадна ов мэх,авхаалж самбаа, уран нарийн аргаар дайснаа хэрхэн хялбархан буулган авч байгаа тухай сонирхолтой өгүүлжээ.Сүбээдэй жанжны хэлмэрчийн үүрэг гүйцэтгэх Сирийн дайнч удамтай баатар эр Насирбек лалын улсуудын хаадын дунд явж нэр нүүрийг олсон мундаг хүн боловч өөрийнх нь үзсэн туулсан эрэлхэг зоригтой явдлууд Сүбээдэй баатрын арга мэх, овсгоо самбаа, ур ухаантай харьцуулбал өчүүхэн төдий болохыг мэдэрч гайхан биширч байна. Тухайн үеийн цэрэг дайны үйл ажиллагаанд заншлаачдын үүрэг нэн өндөр байсныг товойлгон үзүүлэхийг зорьсон нь зохиолын гол санаа юм.

Сүбээдэй баатар дайсныхаа хаяанд хуарагнан буусан боловч нэн салан задгай байгаа нь гайхширал төрүүлнэ.Өөрийн шадар торгон цэрэг Шамдгайг заншлаач буюу тагнуулчаар мэргэд аймгийн хороо руу илгээхдээ өөртэй нь тэрсэлдэн ялт хэрэг өдүүлсэн мэргэд аймгаас даган ирсэн Бардай сэцэн гэгч баатрыг тавин ташуур занчиж оргон буйгаар явуулна.Дайсны хүрээнд очоод холбоо барих нууц түлхүүр нь саран зэв аж.Гэтэл санаандгүй тохиолдлоор нууц мэдээллийг дамжуулах ёстой саран зэвт заншлаач амиа алдана.Шамдгай өөрийн үйлс бүтэлгүй болсонд харамсан гашуудавч байдал өөрөөр эргэнэ.Аймшигт цээрлэл хүлээн цаазлагдахаасаа өмнө оргон зайлсан Бардай сэцэн баатар Сүбээдэйн урд өмнөөс бэлдсэн заншлаач байсныг хожуу боловч мэдэж түүний амийг аварна. Гэтэл нууц мэдээ дамжуулах байсан авч гэнэтийн явдлаар нүдэн дээр нь толгойгоо цавчуулан үхдэл болсон улаан нөмрөгт заншлаач амьд мэнд эрүүл саруул өөрийн цэргийн хүрээнд явж байхтай Шамдгай таарч гайхах балмагдах зэрэгцсэн авч түүний нууц увдисыг мэдэж авна...

Монгол тагнуулчдын арга барил ов мэх хэн ч тааварлахын аргагүй овжин бөгөөд этгээд ажээ.Товчхон боловч тодорхой өгүүлэх эл зохиолд Монгол цэргийн дэг журам хийгээд хэн ч үл анзаарам нарийн нандин ёс жаягийг нэн тодорхой өгүүлжээ.Сүбээдэйн сайтар бодож боловсруулсан ов мэхэнд дайсан этгээд хууртан урхинд орсон хэдий ч Бардай сэцэн баатар цус нэгт Мэргэдүүдээ цусан далайд живүүлэх аюулаас зайлуулсны хүчинд хүний халуун амь цөөнөөр үрэгдэж дагаар орж буйгаар уг зохиол өндөрлөж байна.Хэдий хор хөнөөлтэй дайсан талын этгээд боловч эр нөхрөөсөө илүү эрэлхэг зориг гарган тэмцэж байгаа Хар Киданы Хүчүлүг ханы хатан Абжайг Сүбээдэй баатар энэрэн өршөөж суллан тавьж байгаа нь Их засаг хуулийг даган мөрдөж байгаа гэж болох ч эр хүний хувиар урд эртний үйлээ санагалзан суллан тавихад хүрсэн ажээ.

Энэ зохиолын гол дүрүүдийн нэг Мэргидийн Бардай сэцэн баатар" Бид амьдрахын тулд өөрийгөө өдрөөс өдөрт хурцлан ирлэж илээж байдгийг санах хэрэгтэй.Амьдрал гэдэг маань уртаашаа цаг хугацаагаар,өргөөшөө бол зүтгэл тэмцэл,төлөөсөөр хэмжигддэг юм шүү.Цаг хугацаа заавал үр төлөөсийг шаардана.Өр төлөөс буюу зүтгэл тэмцэл багасах тусам амьдрал төдий чинээ үнэ хүндгүй болж зөвхөн цаг хугацаагаар хэмжигдэх өчүүхэн ойлголт болдог юмаа" хэмээн Шамдгай баатарт хэлж буй үг бол хойч бидэндээ захисан захиас гэж бодно...

Дэлхий дахинд алдар цуугаа мандуулсан баатар жанждын цадиг түүхийг хэсэгчлэн авч уран сэтгэмжээр баяжуулан сайхан зохиол бичиж болохын жишээ энэ мэтээр байвч түүхэн аль ч эх сурвалжийг эргүүлэн үзэхэд нэн тодорхой байдаг .Түүх гэгч бэлэн өгөгдлөөс ургуулан гайхамшигтай сайхан зохиол бүтээл туурвина гэдэг санаан зоргын ажил биш ур ухаан авьяас билгийн өгөгдөл гэдэг нь эндээс анзаарагдана.

Тэмдэглэл бичсэн Хөх толбот Д.Төмөр-Очир

2018.04.29.  16.00