Б.Сарантуяа "Тогосын цөс" романы тэмдэглэл

Б.Сарантуяа “Тогосын цөс” романы тэмдэглэл

Тэмдэглэл

Б.САРАНТУЯА 

ТОГОСЫН ЦӨС /роман/

 “Авах хүнд нэг үг ч эрдэм

Орхих хүнд мянган сургааль ч улиг” Ноён хутагт Данзанравжаа

 “Ертөнц дээр өд нь хамгийн тархсан шувуу бол тогос. Тогос үнэхээр сайхан өдтэй, өд нь шүхэрлээгүй тэр цагт тогос энгийн нэгэн шувуунд тооцогдох. Харин өд нь шүхэрлэх тэр агшинд "гайхамшиг" хэмээн дуу алдах. Энэ гайхан шагшуулах увдис урлаг уран зохиолын амин сүнс. Урлаг, уран зохиолд "тогос шүхэрлэх" нь олонтаа...” хэмээн нэрт зохиолч Дарма.Батбаяр “Бүтээхүйн зүй тогтол сайхныг бүтээх нууц” номдоо дурдсан байдаг. Энэ цагийн үеийн түүхэн уран зохиолд нэгэн “тогос шүхэрлэсэн” –д олзуурхан баясахын сацуу өөрийн үгийг хэльюү гэж бодлоо.

“Түүхийн сурвалжуудад дурдагдсан зүйлүүд “Яагаад" гэдэг асуултад хариулагдах учиртай. Тэр яагаад яасныг л өөр өөр хувилбараар гаргаж ирэхийг зорьсон хэрэг. Өнөө түүхчид, эрдэмтэд ч өөр өөрийнхөөрөө яагаад гэдэг асуултад хариулан, хувилбар таамгуудаа гаргаж тавьсаар байна. Уран зохиол ч мөн адил.” хэмээн Зохиолч Б.Сарантуяа гэж нэгэн шүүмжийн хариуд бичсэн нь бий. Түүхэн уран зохиолын амин сүнс энд л оршиж байдаг болов уу гэж бодно.Таамаглах, уран сэтгэмжээр баяжуулан бичих нь зохиолчдын үүрэг гэж хэлж болно. Түүх , түүхэн уран зохиол хоёрын ялгаа энд оршино. Монголын анхны эмэгтэй яруу найрагч хэмээн алдаршсан “шүлэгч” Агай гүнжийн тухай хайр сэтгэл, өс хонзон, хар хорын тэмцэл бүгдийг багтаасан, хурц зөрчил драм бүхий түүхэн эмгэнэлт романыг тун чамбай бичсэн зохиолчид талархал дэвшүүлье. Түүхийн судалгаа сайн хийсэн гэдэг нь шинэ соргог баримтууд, эшлэл зүүлт зэргээс анзаарагдаж байна. Ханз үсгийн шударга тогтолцоо болон дөрвөлжин үсэг яагаад хэрэглэх болсон зэргийг учир шалтгааны үүднээс сайхан тайлбар өгчээ.

“...Тэнгэрт мандсан сарны дүрс зөвхөн усны мандал дээр бус, ёроолд нь хүртэл тусдаг юм байна...” /Тогосын цөс.х21/гэх зэрэг яруу найрагч хүн л сэрж, мэдэрч бичих яруу сайхан мөрүүд бишгүй хөвөрнө.

Юань гүрний төгсгөл үе дэхь өмнөд Юньнан мужид зохиолын үйл явдал өрнөж байна. Хамгийн сонирхол татах зүйл нь Юань гүрний ноёрхолыг түлхэн унагасан “Улаан алчууртан”-ы бослого гарах болсон шалтгааны нэг нь, магадгүй хамгийн хурц зөрчил нь “Ариун охидын онго дээжлэх ёсон” нэрээр хан үндэстний /олон үндэстний/ охидыг хүчээр эзэрхийлж байснаас үүдэлтэй гэсэн гаргалгаа юм.

“Ариун охидын онго дээжлэх ёс” хэмээх тантрын бясалгалын нууц ёс ихэс дээдсийн хүрээнээс хальж, эмх замбараагаа алдан бурангуй заншил болон хавтгайрснаас улбаатай зөрчил тэмцлүүд зохиолын үйл явдлыг хурцатгаж байна.

“...Чи энэ аягатай усыг хан үндэстэн гэж бод. Харин энэ дусал цусыг монголчууд гэж бод.Тэд бидний аж амьдрал, эрх чөлөөг эзэмдээд зогсоогүй яг л энэ дусал цус аяга дүүрэн усны эс бүхэнд шингэж байхын адил тэд бидний оршин буй мөн чанарт үр үндсээ шигтгэж байна...” /Тогосын цөс.х36/ гэж эх нь охиндоо хэлж буйгаас үзвэл “Улаан алчуутны бослого” гарах олон шалтгаан нөхцөлийн нэг нь “оршин буй мөн чанараа хамгаалах” хан үндэстний тэмцэл байжээ гэсэн сэтгэгдэл төрнө.

“- Энэ газрын айл бүхний ууган хүү нь эцгийгээ “Том ах” хэмээн дууддагийг чи мэдэх үү?...”/Тогосын цөс.х54/ хэмээн Агай гүнжийн номын багш Мажар асуугаад цааш нь “...Эд хэтэрхий олуулаа, бид хэтэрхий цөөхүүлээ гэдгийг чи мэднэ. Энэ хэдий бурангуй ёсон ч гэлээ үүний үрээр ихэнх айлын ууган хүүхдийн судсаар монгол цус урсаж эхэлсэн юм. Тиймээс л гэртээ адлагдан суудаг ууган хөвгүүд тэсч тэвчихийн аргагүйд хүрсэн тул “цагаан лянхуа” бүлгэмийн тэмцлийг эхлүүлсэн гэж ярих нь бий...” /Тогосын цөс.х55/ гэж бичсэн нь Вэй овогтын эхнэр охиндоо хэлж байсан тэр үгийн жинхэнэ утга энд тодорч байна. Энэ бүхэн дээр дурдсан зохиолчийн “хувилбар таамгууд”- ын нэг байж болох юм. Юутай ч энэ бол тун өвөрмөц сэдэл санаа байж таарах нь.

Уран зохиол уянгын халил, уран сэтгэмжээр баялаг байх нь зүй боловч халил хэтрэх нь “тогос шувуу байнга шүхэрлэвэл” үзэмж сайхнаас хүн уйдах сэтгэл төрөх шиг, зөрчлийг хурцатгах гэж уран сэтгэмж хэтэрвэл учир зүйн алдаа мадагтай болж итгэл үнэмшил буурдаг тал бий. Уншигчийн зүгээс бодсон хэдэн үгээ хэлье.

“Гэртээ адлагдан суудаг ууган хөвгүүд тэсч тэвчихийн аргагүйд хүрсэн тул” гэдэг шиг Вэй овогтын ууган хүү Чин Ар яг л энэ хувь заяаны замаар явдаг.”Онго дээжлэх ёс”-ны золиос болсон охин дүүгийнхээ өш хонзонг авч, өшөө хорслоо тайлахаар “Улаан алчууртны бослого”-ын удирдагч Жу Юаньжан дээр очиж “...хайртай дүү дүү минь Юньнан вангийн харгис ёсны золио, жигшүүрт хэргийн хохирогч болсныг мэдлээ. Дүү минь энэ зовлонг тэвчиж үл чадаад амиа егүүтгэсэн тул надад өш хонзонгоо авахаар энд ирэхээс өөр сонголт байсангүй гэж хэлэв...” /Тогосын цөс.х85/ гэж өчдөг. Анхнаасаа л Чин Ар хувийн өш хонзон авахаар, тодруулбал Юньнан вангийн толгойг авахаар “Улаан алчууртантай” нэгдсэн болохоос түүнд Юань гүрний дарлалыг түлхэн унагах гэх мэт том зорилго үгүй. Түүнийг Юньнан вангийн цэргүүд рүү туршуулаар явуулсан нь өшөөгөө авах сайхан боломж. Гэтэл мань эр тэгсэнгүйгээр үл барам ялагдан ухарч буй “ Улаан алчууртан”-тай буцаж нийлэхийг хүсэх мэт“...Гэлээ ч Жу Юаньжанд л хүрч байх юм бол хэдэн ч хүний амийг тонилгосон хамаагүй гэсэн бодлоор шуударч...” гэж бодож байх юм. Юньаны төвлөн засах яамны төлөөний түшмэл Чинтөмөр ноёны шадар болсон хүнд хэрэг зоригоо бүтээх уг нь амархан баймаар юм..Гэхдээ эцсийн бүлэгт хорыг хороор гэдэг шиг үнэн мөнийг олж өст хүнээ хөнөөж чаддаг.Энд л хүргэх гэж зохиолч чармайхдаа “Улаан алчууртан”- удирдагч Жу Юаньжан болон Чинтөмөр ноёны хооронд хэдэнтээ нааш цааш нь явуулсан байх. Хайртай бүсгүйгээ харь хүнд алдсандаа “сэтгэл нь сохорсон” байж болох ч, Чинтөмөр ноёнд Чин Ар өөрийгөө “ улаан алчууртан” –ы туршуул гэдгээ өчихөд тэр нь дор нь байцаан шийтгэх бүү хэл харин өшөөгөө ав хэмээн зоосоор шагнаж, буцаан явуулдаг нь, нэмшилгүйгээс гадна байж боломгүй явдал. Тэр бүү хэл “...Чамтай хамт байвал улаан алчууртантай нийлсэн ч хамаагүй.Гагцхүү чи л миний дэргэд үлд хэмээн хүчлэн өгүүлээд...” /Тогосын цөс.х143/ гэж Агай гүнжид хэлэх нь удам угсаа залгамжлан төрд зүтгэж яваа, “мөнх хөх тэнгэрийн дор төрдөө үнэнч явна “ гэж андгай өргөсөн ноён хүнээс гармааргүй л үг санагдлаа. “Улаан алчууртан”-ы удирдагчаас “Дардаст ноён” тамга шагнуулж, өч төчнөөн цаасан зоосон мөнгөөр бэл бэнчин хийсэн Чин Ар ямар ч саадгүй төрөлх Куньмин хот, төрсөн гэртээ эргэн ирсэн нь хачирхалтай. Уг нь бослого, тэмцэл өрнөсөн хүнд хэцүү цаг тул харуул хамгаалалт чанга, сэжиг бүхий хүнийг тэр дор нь л барьж авмаар санагдах юм.

Агай гүнжийг Дали нутгийн захирагч Дуань гүнд богтлон өгсөн нь Юань гүрний төлөө хийж буй “төрийн төлөөх” золио юм. Юньнаныг алдвал Юань гүрнийг ч алдаж мэдэх хүнд хэцүү, эгзэгтэй цаг үед эцэг өвгөдийн зовж зүдрэн босгосон улс гүрний төлөө хайр дурлал бүү хэл хар толгойг ч хайран биш баймаар. Үүнийг хэн хүнгүй ойлгож мэдэж байна. Гагцхүү зохиолын зөрчлийг хурцатгах гэж Чинтөмөр ноёныг архинд толгойгоо мэдүүлсэн, харалган нэгэн болгож орхио юу даа гэж бодогдлоо.

Хайртай бүсгүйгээ харь хүнд алдахгүй гэхдээ Базарбарам ванд хандаж “...Үнэнээ өчихөөр ирлээ.Би таны охинд сэтгэлтэй. Энэ амьдралын эцсийн амьсгалаа бартал эрх танхи охиныг чинь хайрлан хамгаалж явах болно. Агай гүнжтэнээ Дуань гүнд өгөх шийдвэрээ буцаана уу...”/Тогосын цөс.х164 гэж Чин төмөр ноён өчсөний хариуд Юньаны захирагч Базарбарам вантан : , “Юу гэнэ вэ хүү минь.Чи дурлаж хайрлалгүй яахав.Гэхдээ, хэзээ хэнд хэрхэн дурлахаа мэдэж яв. Тэр үүдээр дүүрэн аягачин, шивэгчин охид бий хэмээгээд хавтагатай мөнгөн зоосноос сар хийтэл асгаж: -Май энэ зоосоор самуурсан ухаанаа угааж, шөнөжин охидтой нарги...” /Тогосын цөс.х166/ гэж хариулах нь өөрийн төрсөн хүү мэт халуун дотно ханддаг, эцэг Эрхэттөмөр сайдыг залгамжлан төрд зүтгэж яваа залуу ноёныг арай л “хэтэрхий дорд үзсэн мэт санагдав.Зөрчлийг хурцатгах гэсэн зохиолчийн санааг ойлгож байгаа ч тухайн цаг үед нөхцөл байдал ямар байсныг тунгаан үзвэл арай л өөр үг хэлэх байсан болов уу гэж бодогдоно. Түүхэн уран зохиолыг бичихдээ тухайн үед болж үйл буй явдалд таацуулах бус эдүүгээчлэн бодож бичдэгээс иймэрхүү ташаарал гардаг биз ээ.

Зүрх зориг муутай Чин Ар ийнхүү будилан явах зуур эцсийн бүлэгт Мин Уй бүсгүй өш хонзонгоо нэгмөсөн авч чадлаа. Магадгүй энэ бүсгүйн дүрээр Юань гүрний ноёрхолыг түлхэн унагасан Мин улсыг бэлгэдсэн байх. Мин Уй бүсгүй насан баярын идээнд хор хийдэг зохиомж жаахан болхидуу ч / Дуань гүний охин усанд ойчлоо гэсэн шуугианаар ордны бүх хүмүүс гарч одно .Энэ үед бүсгүй ганцаар үлдээд амттанд хор хийдэг.Уг нь харуул хамгаалалт энд тэндгүй бишгүй л баймаар .Бослого үймээн дэгдсэн цөвүүн цаг шүү дээ. Нээрээ дараа нь үүдний харуул бүсгүйг ганцаараа үлдсэнийг харсан байдаг. Гэхдээ тэр үед хэлээгүй өнгөрсөн нь арай л гоомой санагдсаныг нуух юун/ цаашид үйл явдал орвонгоороо өөрчлөгдөх зохиолын гол эргэлт энд болж.

“...Саяхнаа ууж барсан хорны шид хамаг биеэр нь халуу шатан буцлахад Шүхэрт асрын доорх хан үндэстний охидын хайр бус харуусал, сэтгэл бус хонзонг хэрж урласан мэт хоёр зуун ширхэг зүүний шивэлт лугаа өвдөлтийг урт улаан уужныхаа дээр товойх үүлэн сүмбэр, уулан зүмбэр хээ бүхний хатгалт шаглаа бүрээс, шивэн өвтгөх зүүний үзүүр бүрээс мэдрэн мэдэрсээр, өвдөн өвдсөөр, алсран алсарч...амьсгал хураав...” гэх зүрх шимшрэм төгсгөл юу өгүүлнэ вэ? Агай гүнж ариун охидыг “онго дээжлэх” нэртэй бусармаг заншлаас хамгаалж, тэднийг Шүхэрт асар дор цуглуулсан бус уу. Гэвч он удаан жилийн турш, үе удам дамжин хуримтлагдсан өс хонзон гэдэг үр зулзагаар нь оролдвол “төмөр дөрөө сэт хараадаг” гэх домогтой тогорууны хараал мэт биежсэнийг дам утгаар харуулах нь энэ. Юань гүрний төгсгөл ямархуу эмгэнэлтэй, гунигтай байсан бэ гэдгийг дээрх өгүүлбэр мэдрүүлэх мэт. Манай зохиолчид уран бичихээ гол болгоод, уншигчдын сэтгэлд нийцүүлэх гээд зохиолоо хаячихдаг. Харин энэ зохиолын төгсгөл бол уран зохиолд байж болох хамгийн сонгодог төгсгөл. Уран зохиол гэдэг сэтгэлгээний урлаг учраас зохиогчоос оюуны бяд шаардана.

Төгсгөлд нь нэмж хэлэхэд: “Удаад нь” гэдэг үг өгүүлбэрийн эхэн дунд нэлээд хэд таарлаа .Уг нь өөр үгээр сэлгэх буюу эсвэл зарим тохиолдолд хэрэглэхгүй байсан ч болохоор. Өгүүлбэрийн төгсгөлийг “юм” гэдэг үгээр олон төгсгөсөн нь тухайн үйл явдалд хүүрнэгч өөрөө оролцож байгаа мэт сэтгэгдэл төрүүлснийг хэлэх нь зүйтэй.

“Шүлэгч” Агай гүнжийн хайр дурлалын эмгэнэлт туульсийг шүлгийн айзам хэмнэлээр, зүйрлэл, адилтгал ,чимэг үг, ёгтлол, ёгөөдөл, төлөөлөл, хэтрүүлэл зэрэг хэлний дүрслэх аргуудыг өргөн ашиглаж бичсэн нь зохиолч Б.Сарантуяагийн бичих ур чадвар , дүрслэх хэв маяг, чадал чансааг тодорхойлж чадлаа гэж үзэх үндэстэй.

Тэмдэглэл бичсэн Хөх толбот Д.Төмөр-Очир