Монгол Роман (1921-2021)
Туульсын зохиолыг дотор нь агуулгын их, багын хэмжүүрээр ялгамжлан ангилах ба их туулийн дараа орох шүлэглэсэн эсвэл үргэлжилсэн үгийн (хүүрнэл) зохиолын нэгэн төрөл монголын уран зохиолд төлөвшсөн нь “роман” юм. Гол төлөв үргэлжилсэн үгийн үйл явдалт томоохон хэмжээний хүүрнэл зохиолыг роман гэдэг. Утга зохиол судлаач Д.Цэнд “Үргэлжилсэн үгийн үгийн том хэлбэрийн зохиол бөгөөд туужийг бодвол хүний амьдралын хэд хэдэн үеийг буюу эсвэл бүхэлд нь авч түүнийг тохиолдох ба тохиолдсон олон зөрчлийн дунд илрэн тодрох хэлбэрээр нь дүрсэлж, олон хүн болон нийгэмтэй харьцах харьцааны нарийн зөрчилд ялгаран гарах зүй тогтоолоор дэлгэн гаргаж тавьж буйг роман гэнэ” гэж маш нарийн тодорхойлолт өгсөн. Роман нь гол баатруудын явдлыг өгүүлэмжийн шугамд сүлжилдүүлэн багцалж, амьдралын үзэгдэл юмсын ээдрээтэй, зөрчилтэй хүрээг хамарч, баатруудын олон талт зан төлвийг тодорхой дүрслэн илэрхийлдэг онцлогтой. Ийм учраас роман нь бүхэл бүтэн түүхийн өгүүлэмж юм.
Утга зохиолын онолч Д.Галбаатар романы тухайд “Франц хэлний “роман” ба “контероман” гэсэн үгээс роман хэлний (франц, итали, португал) “өгүүллэг” гэх нэр томьёо гарчээ. XII-XIII зууны үед ийнхүү нэрлэж байв. Роман нь орчин цагийн туульсын хамгийн дэлгэрмэл томоохон зүйл” гэж тайлбарлажээ. Англиар новел (novel) хэмээн нэрлэж буй. Романы зохиомж, шугам, дүр, үйл явдал, өрнөл, зөрчил, өгүүлэмж, хэл найруулга нь ямар байх, хэрхэн бичих, ямар шаардлагад хүрсэн байх зэргийг онолынх нь үүднээс боловсруулж, роман бичигчдэд чиг баримжаа болгох үүднээс дараах ойлголтуудыг жагсааж оруулжээ. “Роман нь орчин үеийн туульс зохиолын бичлэгийн үлэмж дэлгэрсэн том төрөл зүйл бөгөөд гол онцлог нь:
Амьдралын үзэгдэл явдлыг нарийн төвөгтэй зөрчил тэмцэл дунд өрнүүлж харуулах
Үйл явдлын өрнөлт нь өөр хоорондоо холбогдсон олон шугамаар зэрэгцэн өрнөх
Гол баатруудын заяа төөргийг нэгэн цагийн орчилд тавьж, хэв шинжит дүрээр харуулах
Баатруудын амьдрал-үйл хэргийг гол чухал үеүдийг сонгон учир зүйн холбоо хамааралд нь үзүүлэх
Үйл явдлыг өргөн цар хүрээтэй өрнүүлж, зөрчлүүдийн шалтгааныг бүрэн тайлах
Ижил зэрэглэлийн хэд хэдэн гол баатруудтай, тэдгээрийг дагасан дунд ба доод төвшний дүрийн систем бүрдүүлэх
Бүтцийн хувьд үйл явдал нь гол баатруудаа дагасан хэд хэдэн туужийн хэлхээ, тэдгээр нь дотроо олон өгүүллэг, туурийн хэлхээ маягийн шаталсан байгуулалттай
Хэл найруулгын хувьд янз бүрийн хүүрнэлүүд голлож, ярианы олон хэлбэр, уянгын болон драмын дүрслэлийн янз бүрийн маяг, арга, хэрэглүүрийг чөлөөтэй нийлэгшүүлэн хэрэглэх боломжтой учраас баатруудын санаа сэтгэл, дотоод ертөнц, хүрээлэн буй орчин, нөхцөл байдлын хэлхээ холбоо, цаг үеийнхээ байдлыг чөлөөтэй, өргөн цар хүрээтэй дүрслэн харуулах чадвартай
Зохиомжийн янз бүрийн зүйлсийг бүрэн дүүрэн цогцолбороор ашиглах боломж зэрэг онцлогтой юм” гэх мэт “Утга зохиолын онол” номд онцгойлон
тайлбарлажээ. Роман нь энэхүү өөрийнхөө мөн чанараар уран бүтээлчийн туурвин бичих нөхцөлийг өргөн бололцоонд хангаж тавьдаг учир зохиолч нь уран санааны сэтгэмжийн хамт дурдатгал, тэмдэглэл, намтар, түүх аль алиныг ч өргөн ашиглах боломжтой. Үүгээрээ роман бичлэгийн өвөрмөц нэг тал болдог.
Өдгөө уг төслийн хүрээнд “Монгол роман 1921-2021 он” хүртэлх сүүлийн зуун жилийг хамруулан үзэж буй ч өмнөх түүхэн уламжлалыг тоймлон дурдах нь зүй юм. Монголын уран зохиолд “Аман зохиол”, “Эртний уран зохиол” гэж ихээхэн том ай сав бий. Тэндээс л монгол романы уламжлалын асуудлыг хөндөн авч үзэх нь зүйн хэрэг юм. Томоохон хэлбэрийн зохиолын хувьд Монголчууд бүр нэн эрт үеэс уламжлалтай. Монгол аман зохиолд “Бум эрдэнэ”, “Эргэл түргэл”, “Дань хүрэл”… гэх мэт “Туульс”-ийн томоохон зохиолууд бий. Тууль нь аман болоод бичгийн зохиолоор уламжлагдаж ирсэн. Мөн “Гэсэр”, “Жангар” зэрэг их туульсын зохиолууд нь бас үүний нэг баримт нотолгоо ч болох юм. Учир нь туульсын зохиол хамгийн их агуулгатай, нийгмийн амьдралыг олон жилээр хамруулан, маш өргөн хүрээнд дүрсэлсэн байдаг нь орчин үеийн “роман”-ы угтал болж өгсөн нь тодорхой юм.
Мөн XIII зуунд бичигдэж үлдсэн “Монголын нууц товчоо” хэмээх бүтээл нь Монголчууд том хэмжээний зохиол туурвиж буйг илтгэх баримт юм. Энэ нь Монголчуудын хувьд баялаг туршлага мөн бөгөөд нэн эрт үеийн хуримтлуулсан туршлага гэдгийг илтгэх юм. Түүхээ ингэж уран сайхнаар зохион найруулсан ард түмэн Монголоос өөр үгүй гэж үзэж болно. “Ерөөс онолчдын тодорхойлсон байдлаас үзвэл “Монголын нууц товчоо”, “XYII зууны үеийн түүхэн уран зохиол”-ыг романд хамруулан авч үзэхэд ч болохгүй гэх газаргүй мэт” гэж үнэлжээ. Чухам энэхүү туршлагад дулдуйдан “Алтан товч”, “Хураангуй Алтан товч”, “Эрдэнийн товч”, “Шар тууж” зэрэг түүхэн уран зохиолууд бичигдэж үлдсэн. Мөн “Жанжаа хутагтын намтар” нь бас л өвөрмөц төрөл байдаг. Энэ бүхнийг нэг талаас нь авч үзэхэд нийгэм, түүхийн өргөн цар хүрээтэй, том хэмжээний уран зохиол бүтээх туршлага хуримтлуулсныг гэрчлэх нөгөө талаас роман буй болох үндэс нэгэнт тогтсон болохыг харуулж байна. Үүнээс гадна дорно дахины уран зохиолын нөлөөгөөр Монголын бичгийн зохиолд үүсэж хөгжсөн “Тууж” хэмээх томоохон төрөл ч романы хөгжилд зохих хэмжээний нөлөө үзүүлсэн нь гарцаагүй. Эдгээр нь монгол роман үүсэх угтвар нөхцөл болсон юм.
XIX зуунд эцэг, хүү Ванчинбал, Инжинаш нарын зохиосон “Хөх судар” хэмээх зохиол гарч, дараа үеийн судлаачид “роман” гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайлбал: Судлаач Ш.Гаадамба “Монголын тайж Ванчинбал, Инжинаш нарын зохиосон “Их Юань улсын мандсан төрийн хөх судар” гэдэг зохиолд Чингис хааны явдлыг ингэж эхнээс нь тасралтгүй залгуулан нас эцэс болтол нь багтаан дүрсэлсэн учир түүхэн шинжтэй роман гэж болно” гэжээ. Доктор С.Байгальсайхан “Монгол романы эх эцгийн утопи, мөрөөдөлт шинжээр санаагаа илэрхийлсэн Инжинашийн “Хөх судар” гэж үздэг” хэмээжээ. Академич Д.Цэрэнсодном “Гагцхүү Инжинаш энэ алдарт зохиолыг үргэлжлүүлэн 100 гаруй томоохон дүртэй түүхэн роман бичсэн ажээ” гэсэн бол академич Ц.Дамдинсүрэн “Инжинаш түүхийг бичсэнгүй, учир зүйг ургуулан бодож, түүхэн роман бичсэн учир үнэн түүхийн ерөнхий чиглэлийг дагуулан нэмж чимсэн зүйл цөөнгүй”, доктор Л.Түдэв “Инжинаш романаараа хуучин маягийн түүхэн товчоо, эрх бичлэгийн уран сайханд сул байдаг дутагдлыг нөхөж товчоог романд ойртуулж өгчээ”, судлаач Г.Жамсранжав “В.Инжинашийн “Хөх судар” бол XIII зууны үеийн Монгол орны амьдралаас сэдэвлэн бичсэн түүхэн роман мөн”, Өвөр Монголын судлаач н.Эрдэнэтогтох “Хөх судрыг он дарааллын бичгийн хэлбэр ба түүхэн үлгэрийг уялдуулсан өвөрмөц шинж бүхий түүхэн роман гэж хэлж болох юм” гэж дүгнэцгээсэн байна. Ийнхүү XIX зуунд Монголын уран зохиолд “роман” хэмээх нэгэн төрөл зүйл бий болж, бодит баримт нотолгоогоор нотлогдож буйг гэрчилнэ.
Монголчуудын томоохон хэлбэрийн зохиол бичиж буй өмнөх үеийн хуримтлуулсан туршлага нь аман зохиол дахь тууль, бичгийн зохиол дахь “Монголын нууц товчоо” зэрэг бүтээлээс эхлээд тууж, намтар зохиол, XYII зууны түүхэн уран зохиолын бүтээлүүд юм. Мөн дорно дахины уран зохиолын нөлөө байх бөгөөд ялангуяа Хятадын алдарт сонгодог романуудыг (“Хүйтэн уулын бичиг”, “Гурван улсын үлгэр” …) гэх мэт зохиолуудыг эх хэлнээ орчуулсан юм. Энэ нь зөвхөн “Хөх судар”-т төдийгүй В.Инжинашийн “Нэгэн давхар асар”, “Улаан ухилах танхим” зэрэг хоймсон романаас ч тодорхой харагддаг. Мөн XIX зууны европ дахинд ч романы хөгжил асар өндөр төвшинд хүрсэн бөгөөд дэлхий дахины энэ чиг хандлага ч ямар нэгэн байдлаар нөлөөлсөн болохыг бас үгүйсгэхгүй. Ямартай ч дэлхий дахины хандлагаас Монголчууд үл хоцрон, тэдэнтэй эн зэрэгцэн явж байсны гэрч юм.
1930-аад онд Д.Нацагдорж “Ордны нууц” хэмээх роман бичихээр төлөвлөж байсан мэдээ бий. 1949 онд Ч.Лодойдамба орчин үеийн сэхээтний сэдэвтэй “Алтайд” зохиолыг роман гэж тухайн үед нэрлэсэн нь монголын шинэ уран зохиолд романы тухай ярих үндэстэй болсон гэж үздэг. Ингээд Б.Ринчен “Үүрийн туяа” түүхэн роман гурван дэвтрээр туурвиж, 1951 онд “Манжийн талхинд” тэргүүн дэвтэр, 1952 онд “Гал усны гашуун зовлон” дэд дэвтэр, 1955 онд “Байлдаж олсон эх орон” гутгаар дэвтэр зэрэг хэвлүүлж, монголын шинэ үеийн уран зохиолын түүхэн романы салхийг хагалсан. 1960-аад онд Ч.Лодойдамба “Тунгалаг тамир” хоёр дэвтэр роман бичиж, Д.Намдаг “Цаг төрийн үймээн” (1960 он), Л.Түдэв “Уулын үер” (1960 он), З.Баттулга “Хөх тэнгэр”, Ц.Уламбаяр “Зовлон жаргал” гурван дэвтэр, С.Дашдэндэв “Улаан наран”, Ж.Пүрэв “Аянга” романаараа түүх, хувьсгалын сэдвийг хөндөж бичиж эхэлжээ.
Ийнхүү XIX зуунд монголын уран зохиолд роман бий болсон ба дараа үеийнхээ буюу орчин цагийн монголын уран зохиолд ч тодорхой хэмжээний үр нөлөөгөө үзүүлсэн. Судлаачдын үзэж буйгаар шинэ үеийн уран зохиолын анхны роман гэж зохиолч Ч.Лодойдамбын “Алтайд” зохиолыг нэрлэж, Б.Ринченгийн “Үүрийн туяа” гурамсан зохиол нь түүхэн романы эхлэлийг тавьж, Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” хоймсон роман нь уран сайхны романы шанг татаж, монголд романы суурь тавигдсан юм. Үүнээс хойш монголын уран зохиолд жараад оныг дуустал романы төрөлд түүхэн сэдэв голлох байртай болсон. Мөн Оросын болон өрнийн уран зохиолын нөлөө ч хорьдугаар зууны монгол романд маш их нөлөөгөө өгсөн гэж ч үздэг. Судлаач Ц.Хасбаатар 1973 онд “Монголын утга зохиолын сүүлийн үеийн томоохон ололтын нэг бол туульсын том төрөл зүйл роман үүсэж хөгжсөн явдал юм. “Романтай боллоо гэдэг бол чухамдаа өгүүлэлт зохиол төдийгүй жинхэнэ уран зохиолтой боллоо гэсэн үг”” гэж бахдангуй өгүүлсэн байдаг бол судлаач Д.Цэнд “…Жинхэнэ бичгийн уран зохиолыг яруу найраг буюу жүжгийн зохиолоор биш харин роман гарсан цагаас тоолдог явдал ч бий” гэж бичиж үлдээсэн байдаг. Роман гарснаараа монголын уран зохиолын хөгжлийг илэрхийлэх нотолгоо болж өгөхөөс гадна монголын зохиолчдын уран чадварыг илтгэж буй баримт юм.
Романыг бичихдээ уран зохиолын бичлэг, арга, найруулгын маш олон өнгө аяс, хэв маягийг ашиглаж болдог. Тухайлбал: Захидал, туурь, эсээ, кино-роман, бодрол, шинжилгээ судалгаа гэх мэт хэв маягт хувааж болно. Судлаач Ш.Гаадамба “Романыг сэдэв, утгын буюу дүрслэгдэхүүний нь харгалзан түүхэн роман, нийгмийн аж байдлын роман, уран зөгнөлт роман гэх мэтээр хэд хэдэн зүйлд хуваан ангилж болно” гэжээ. Гэхдээ эдгээр нь хоорондоо хутгалдсан байх буюу эсвэл романы дотор үзүүлсэн дүрслэхүүн хязгааргүй олон янз байж болох тул романы зүйлийг ингэж яв цав ялган тодорхойлох боломжгүй юм. Зохиолчийн үзэл санаа, уран сайхны үнэлэлт, хандлага зэргээс гүн ухаан, шог хошин, баатарлаг, аймшигт, эмгэнэлт, үжид самуун гэх мэт зүйлд хувааж ч болох юм. Мөн “Романыг нарийвчлан зааглах юм бол бараг гуч гаруй жанр болгосон судалгаа ч бий” гэж Оросын судлаач роман судлалын номд өгүүлсэн байхад доктор С.Байгальсайхан “Романы онол түүхийг судлагчдаас романы жанрыг 70-90 гаруй байгааг тэмдэглэсэн байна” гэжээ. Монгол романыг агуулга, сэдэв, бүтэц, үйл явдал зэргээр ерөнхийд нь тоймлон хувааж (ангилж) үзвэл:
Түүхэн роман: (Б.Ринчен “Сандо амбан”, “Үүрийн туяа”, Ж.Пүрэв “Аянга”,
“Зүрхний хилэн”, “Манан будан”, С.Эрдэнэ “Занабазар”, С.Удвал “Их хувь заяа”, Ш.Нацагдорж “Мандухай цэцэн хатан”, “Болор толь”, Д.Цэмбэл “Амарсанаа”, “Галдан бошгот хаан”, Лха.Дарьсүрэн “Богд эзний зарлигаар”, Ж.Дашзэвгэ “Зэрлэг сахиус”, Б.Пүрэвдорж “Даяанчийн хяслан”, Ш.Цэен-Ойдов “Их хөлийн зарга”) гэх мэт. Түүх-хувьсгалын роман: (Ч.Лодойдамба “Тунгалаг тамир”, Д.Намдаг “Цаг төрийн үймээн”, Л.Түдэв “Уулын үер”, З.Баттулга “Хөх тэнгэр”, С.Дашдэндэв “Улаан наран”, Ц.Уламбаяр “Зовлон жаргал”, Н.Банзрагч “Зам”) гэх мэт:
Хөдөөгийн тухай роман: С.Дашдооров “Говийн өндөр, Л.Түдэв “Нүүдэл”,
“Суудал”, Б.Нямаа “Араараа модтой Биндэрьяа” гэх мэт. Үйлдвэрийн тухай роман: З.Сандагаа “Хүний ганц”, Л.Лочин “Сэтгэлийн өнгө”, Л.Чойжилсүрэн “Яндангийн цуурай” гэх мэт. Нийгэм, аж байдлын тухай роман: Ж.Бямбаа “Хорвоогийн өнгө, Д.Төрбат “Могойн чуулган”, С.Пүрэв “Усны гудамж” гэх мэт. Сэтгэл зүйн роман: Л.Түдэв “Оройгүй сүм”, С.Эрдэнэ “Амьдралын тойрог”, С.Лочин “Үргэлжлэлтэй долоон өдөр” гэх мэт.
Эсээ роман: С.Лочин “Сарны гэрэл” гэх мэт. Роман-памфлет (нийгмийн шог): Д.Маам “Гишгэх газаргүй хөл”, С.Лочин “Сүйрэл” гэх мэт. Шог хошин: Шаг.Цэнд-Аюуш “Далдын хар малгайт”, “Хүлээх өрөөний эзэгтэй” гэх мэт.
Хүүхдийн роман: С.Шажинбат “Говийн зүүд”, С. Надмид “Нийслэлийн
замд”, Ө.Баасанжав “Алтан хараацай” гэх мэт. Уран сэтгэмжийн зөгнөлт роман: Д.Даржаа “Алс хол ертөнцөд жуулчилсан нь” 1963 он, Ж.Гал “Болор толийн нууц”, “Хорт зэрэглээний оронд”, Д.Даржаа “Үл үзэгдэгч аймшигт дайн” 1994 он, Н.Нагаанбуу “Алсын мандлын нууц” 1993 он, Ч.Ойдов “Аймшигт туршилт”, Ж.Зана “Хувь заяаны тэнхлэг” 1995 он, А.Шартолгой “Дигваранз” (роман-совин) 1998 он, Н.Сүхбат “Хилэгнэл”, Л.Түдэв “Төл” 2000 он гэх зэрэг романууд гарч байжээ.
Улс төрийн роман: Л.Түдэв БНМАУ-ын анхдугаар он”, Өчил роман:
Л.Түдэв “Хувьсгал танаа өчье”. Домгийн роман: Г.Нямаа цадиг хууч”. Адал явдалт роман: Л.Пүрэвдорж “Егүүтгэл”, “Бэтэг”, “Эрлэгийн бошго”, Т.Баасансүрэн “Тэрбумтан”, До.Цэнджав “Чонын алтан шагай”. Эротик роман: Ж.Зана “Нүцгэн бүсгүйн харалган заяа” 1998 он, Д.Банзрагч “Үүлэн цөл” 1998 он, Б.Энхбат “Хаврын тангараг” (2005 он) гэх мэт. Аллага хүчирхийллийн роман: А.Ган-уул “Захидал алуурчинд очих ёстой”, “Амилсан сүүдэр буюу эрх чөлөөтэй ч боол хэвээрээ” (1997 он). Гүн ухааны роман: … Гэр бүл- аж байдлын роман: … гэх мэт. Романы баатрууд ба хэрэг явдлыг өөр романд улируулан үргэлжлүүлсэн, эсвэл хэд хэдэн дэвтэр роман болгосныг цуврал роман гэдэг. Тухайлбал: Хоёр дэвтэр романыг хоймсон роман (Л.Түдэв “Нүүдэл”, “Суудал”), гурван дэвтэр романыг гурамсан роман (Б.Ринчен “Үүрийн туяа”), дөрвөн дэвтэр романыг дөрвөл роман гэх зэргээр нэрлэх нь бий. М.Тогмид “Хувь заяаны цадиг” таван дэвтэр (1991-2001 он) роман бичжээ. Мөн тууш шүлэглэсэн роман бий аваас уянгын аяс давамгайлах хэдий ч туульс өгүүлэмжтэй байна. Жишээ нь: Р.Чойном “Хүн”, “Гал”, Д.Төрбат “Морин зэрэглээ” гэх мэт зохиолуудыг тоочиж болмоор юм.
Гэвч роман нь үүсэл хөгжлийн түүхтэй, аль үед, ямар чиглэлийн роман үүсэж дэлгэрсэн нь түүний дотор тусгаж харуулсан нийгмийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой юм. Судлаач Ц.Хасбаатар “Роман, реализм хоёр мах цусны холбоотой. Роман бол реализмыг бүрэн гүйцэд илэрхийлэхэд маш зохисон хэлбэр юм. Реализм гүнзгийрэн хөгжинө гэдэг бол роман цэцэглэн хөгжинө гэсэн үг” гэж үзсэн байдаг. 1990-ээд оноос өмнө бичигдсэн романууд нь реализмтай яалт ч үгүй салшгүй холбоотой. Тэр үеийн зохиолуудыг нийтэд нь “Социалист реализм” урсгалд хамруулан томьёолдог. Соцреализм нь тодорхой нөхцөл байдалд зайлшгүйн улмаас үүсэж бүрэлдсэн реализмын нэгэн “гажуудсан” хэлбэр буюу урсгал юм. Учир нь тухайн үеийн социалист системийн орнуудын утга зохиолын шүүмж судлал нь ихэнхдээ шинжлэх ухааны үүрэг гүйцэтгэх зорилтоосоо давж, тухайн үеийнхээ “дэглэм”-д үйлчлэх тодорхой үзэл санааны үүрэг гүйцэтгэх зэргээр гажсан. Тухайлбал: Аливаа зохиол бүтээлийг задлан шинжлэхдээ агуулгын талыг нь буюу утга агуулга, үзэл санаа, дэвшүүлсэн асуудлыг нь түлхүү анхаарч, энэ тал дээр нь илүү их ач холбогдол өгч байжээ. Бүр тодруулбал: Энэхүү зохиол нь тухайн нийгэм, социализмын үзэл санаанд хэр зэрэг таарч, нийцэж байна вэ? гэдгээр үнэлж цэгнэж байсан. Жишээ нь: БНМАУ-ын ТӨРИЙН ШАГНАЛ авсан бүтээлүүд дээр нь ажиглалт хийвэл: Зохиолч Д.Сэнгээ “Өвгөн партизаны яриа”, “Аюуш”, “Тагтаа” шүлэг, Ч.Чимэд “Хавар, намар” роман, Д.Маам “Газар шороо” роман, Г.Одон “Түүхт уулзалт” гэх мэт бүтээлүүдийг тухайн үед “Хамгийн шилдэг бүтээл” гэж онцолж шалгаруулсан байдаг. Монгол, Зөвлөлтийн найрамдал, нам, эх орноо хамгаалж, энх тайван, атар газар эзэмших зэрэг агуулга хэлбэрийн шалгуурт яв цав нийцсэн учраас тэгж үнэлсэн. Гэтэл дүр, уран сайхан, танин мэдэхүй, хэл найруулга, бүтэц, зохиомжийн хувьд дээрх зохиолуудаас илүү сайн төгс төгөлдөр зохиолууд уг зохиолч нарт бий. Жишээ нь: Ч.Чимид “Би монгол хүн”, “Буурал аав”, Д.Маам “Хоёр буурын дууль” гэх мэт. Өрнөдийнхөн энэхүү чиглэлийн шүүмж судлалыг “Марксист онол” гэж нэрлэдэг. Монгол улс нь шинэ үеийн уран зохиолын нэрийн дор энэхүү замаар 70 гаруй жилийг туулж замнасан байдаг.
Үүний зэрэгцээ тухайн үеийн уран зохиол нь дундад зууны уран зохиолын нөлөөнөөс гарч, Монголын уран зохиолыг цоо шинэ шатанд гаргаж тавьсан. Орчин цагийн дэлхийн соёлын хүрээнд оруулж, өрнө дахины “реалист” урлагтай танилцаж, оюун санааны хувьд өөрчлөгдөн шинэчлэгдэхэд үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн. Мөн зохиолч, уншигчдын хэн хэн нь гоо зүйн мэдлэгийн хүрээгээ тэлж, шинэ цагийн боловсрол эзэмшихэд асар хүчтэй нөлөөлсөн байдаг. Ийнхүү 70 гаруй жилийн социалист баригдмал үзэл санаанд монгол роман хөгжлийнхөө нэгэн үеийг асар богино хугацаанд маш амжилттай даван туулж, дараагийн үед бат бэх суурь, уламжлал, залгамжлал болохын зэрэгцээ цаашид шинэчлэгдэх, хувьсан өөрчлөгдөх, өөр төвшинд гарах бүх боломжийг бүрдүүлж өгсөн. Тухайн нийгэм нь нээлттэй байсан ахул манай зохиолчид нэгэн хэвийн зүйлээс зайлсхийж, зохиол бичихээ өөрөөр туршиж, цоо шинээр эрэл хайгуул хийж, илүү сонин содон сайн зохиол бүтээлүүд бүтээж туурвих нь дамжиггүй байжээ.
1990-ээд оноос хойших реализм нь Монголын уран зохиолын туурвилын гол арга болж байсан. Социалист реализмын дараах үе буюу шинэхэн үеийн уран зохиолын реалист чиглэлийн гол үндсийг “Шинэ реализм” хэмээн томьёолдог. Уран сайхны аливаа урсгал, чиглэл нь түүхэн тодорхой нөхцөл, бодот байдалтай уялдан гарч ирдэг ёсоор “Шинэ реализм” гарч ирсэн. Нийгэм, оюун санаа, амьдралын их өөрчлөлт, хувьсгалтай холбоотой үүссэн урсгал юм. Өөрөөр хэлбэл: Бий болсон шинэ орчин нөхцөл байдал, үзэл ухамсрыг уран зохиолд тусгах, дүрслэн илэрхийлэхэд хуучин хэв маяг нэгэнт тохирохоо байсан. Тэрхүү шинэ хандлагыг илэрхийлэх зохистой арга хэлбэр шаардлага үүссэнээр бий болжээ. Ийнхүү манай шинэхэн үеийн уран зохиол нь олон ургальч үзэл, олон урсгал чиглэл, олон чиг баримжаагаар хөгжиж, өөр өөрийн онцлогийг нээн гаргасан зохиол бүтээлүүд туурвих болсон.
Дэлхийд Нобелийн (утга зохиолын) шагналыг хамгийн олон романчид хүртсэн байдаг. Харин Монгол улсад “Төрийн шагнал”-ыг романы төрөл нь маш цөөхөн роман хүртсэн байдаг. Тухайлбал: Ч.Лодойдамба “Алтайд” (1954 он), “Тунгалаг тамир” (1971 он), Д.Намдаг “Цаг төрийн үймээн” (1962 он), Л.Түдэв “Уулын үер”, “Нүүдэл”, “Суудал” (1971 он), С.Дашдооров “Говийн өндөр” (1975 он), С.Удвал “Их хувь заяа” (1978 он), Ж.Пүрэв “Зүрхний хилэн” (1984 он), З.Дорж “Эрдэнэ засгийн унага” (1993 он) гэх мэт. Монгол романы тоон үзүүлэлтийн тухайд цухас дурдахад: Судлаач Ц.Хасбаатар “Шинэ цагийн роман үүсэж гараад төдий л удаагүй боловч хөгжлийн эрч жилээс жилд улам бүр түргэссээр байна. Зөвхөн манай зохиолчдын III их хурлаас (1962/05/15-18) хойш тавхан жилийн дотор хорь гаруй роман гарчээ” гэж тоон үзүүлэлт дурдсан байдаг. Мөн судлаач Ч.Билигсайхан “Дал, наяад оны зааг буюу сүүлчийн таван жил манай утга зохиол шинэ сэдэв, дүр дүрслэлээр үлэмжхэн баяжлаа. Утга зохиолыг баяжуулсан шинэ сэргэг зүйлсийн нэлээд нь романы төрөлд хамаарчээ. Зөвхөн тооны талаас нь харахад энэ таван жилд хорь гаруй роман хэвлэгдсэн нь манай утга зохиолын хувьд урьд гараагүй өндөр үзүүлэлт юм. Нөгөө талаас эдгээр романууд нь “Утга зохиолын газрын зураг дээр” цагаан зайг үлэмжхэн нөхсөн байна” гэжээ.
1949 онд анхны роман гарч, 1962-1967 онд 20 гаруй роман шинээр бичигдсэн гэдэг нь тухайн үедээ дэвшингүй тоон үзүүлэлт юм. Ингээд судлаач Ц.Хасбаатар МЗЭ-ийн IY их хурлын (1967/06/27-30) илтгэлдээ “Бид одоо монгол роман гэж ярих бүрэн эрхтэй боллоо” гэж бахдангуй тэмдэглэн үлдээжээ. Доктор С.Байгальсайхан “…тоон үзүүлэлтээр Монголын уран зохиолд 360-аад роман байдаг гэдэг бол 1990-ээд онд үүнээс 80 гаруй нь буюу бараг 4/1 нь хэвлэгдэн гарчээ” гэжээ. Дээрх тоон үзүүлэлтийг харахад 1990 оноос өмнө 280 шахам роман бичигдэж (1949-1990 буюу 50 жилийн дотор), 1990-ээд оноос хойших 9 жилийн дотор 90 гаруй роман нь бичигджээ. Тэгвэл 2000-2021 он хүртэл барагцаалбал 150 шахам роман бичигдсэн гэж үзэж болохоор юм. Ийнхүү 100 жилийн түүхэнд Монголчууд 500 гаруй роман бичжээ. Гэхдээ романы тоо олондоо биш чанартаа илүү анхаарах цаг болсон. Өмнөх үеийн зохиолч, уран бүтээлчдийн зовж бүтээж босгосон их суурь дээрээс дэлхийн тавцан дээр зогсох боломжуудыг бүрдүүлэх хэрэгтэй. Өдгөө бид дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн бичих цаг болсон.
1990-ээд оноос хойш монголын нийгэмд эрс өөрчлөлтүүд явагдаж, тэр хэрээр уран зохиолд оюун санааны цоо шинэ эргэлт ирж, туурвил зүйн шинэ сонголтуудын өмнө тулж, өөр өөрөөр илэрхийлэх олон урсгал чиглэлд хуваагдаж, олон бүлгэм, дэг сургуулиуд үүсэж, чөлөөт сэтгэлгээний эрин үе эхэлсэн гэж үзэж болно. 1990-ээд оноос бичсэн романуудыг гоцолж дурдав. Доорх олон романыг ажиглавал маш олон сэдэв, өнгө, аяс, дүр дүрслэл, үзэл санаа, агуулга, хэлбэр харагдах нь дамжиггүй. Доктор С. Байгальсайхан “1990-ээд оны монголын уран зохиол шиг ээдрээ төвөгтэй, олон талтай зөрчил тэмцэл, маргаан мэтгэлцээнтэй, сайн муу хосолсон, түгшүүртэй атлаа бахархалтай тийм үе 1920-1930-аад оны үеийг эс тооцвол тохиолдож байсангүй. Нийгмийн шинэ сонголт, ардчилал, олон ургалч үзэл санааны ялалт өөрийн эрхгүй их утга зохиолын амгалан тайвныг өөрчлөн эвдэж, зохиолч, уран бүтээлчдэд туурвил зүйн шинэ сонголт хийх боломж нээсэн төдийгүй, уран зохиолын ертөнцийг бүхэлд нь хөдөлгөн доргиож, уран бүтээлийн чөлөөт өрсөлдөөн, олон урсгал, дэг сургууль үүсэн гарах угтвар нөхцөлүүдийг бүрдүүлсэн билээ. 1990-ээд он үнэхээр бүхэл бүтэн үе, тэгэхдээ өмнөх үеийнхээс бүр олон зохиолч, уран бүтээлчдийг түүхийн тавцан дээр дэвшүүлэн гаргалаа” гэжээ. Үнэхээр энэхүү өөрчлөлт шинэчлэлтийн үр нөлөө бол доорх уран бүтээлчдийн “Роман”-ууд юм гэж хэлж болно.
Зохиолч Г.Аюурзана 10 шахам роман бичжээ. Тухайлбал: “Илбэ зэрэглээ” (2003 он), “Арван зүүдний өр” (2005 он), “Цуурайнаас төрөгсөд” (2007 он), эдгээр гурван романуудыг нэгтгэж 2010 онд “Гурамсан цадиг” нэртэй “шүтэлцээт романууд” гэж тодотгоод дахиад хэвлүүлж байсан. “Амь тавьж буй шувууны далавч” метароман (2006 он), “Бөөгийн домог” (2010 он), “Шүгдэн” (2012 он), “Цагаан, хар, улаан” (2014 он), “Судасны чимээ” (2015 он), “Сахиуст хангайн нууц” (), “Сүнсний томьёо” (), “Өчигдөр уулзъя” (2020 он) бүрлээчийн монологи гэх мэт романуудыг бичиж олны хүртээл болгожээ. Ц.Буянзаяа “Улаан шувууны жиргээ” (2005 он), “Морин уруул” (2015 он), “Хар үхэр, алаг сүүдэр” (), Н.Батжаргал “Зүр хонгор аялгуу” (2009 он) шүлэглэсэн роман, Д.Энхболдбаатар “Аугаа их сүр хүчний тухай дууль” роман, Д.Энхболд “Казиног номхотгосон түүх” роман, Н.Бадамжав “Дайсику” (1999 он), “Амуль” (2001 он), “Модон сахалт” (2021 он), Ш.Батжаргал “Хүрдний галбир” (2005 он), П.Баярсайхан “Хотын онгон” (1994 он), “Хээрийн судар” (2007 он), К.Бикумар “Цуст савар” (2002 он), Ш.Билигсайхан “Сексийн хаанчлал” (2003 он), Д.Гармаа “Алтан суварга” (1997-2000 он) гурамсан роман, “Нууц амрагийг мөрдсөн нь” (2004 он) гэр бүлийн роман, “Янагийн халуун” (2004 он), “Охин заяа” (2005 он), Д.Даржаа “Хохь чинь” (1995 он), “Төөрөлдсөн хорвоо” (1991 он) зүүдэн роман, “Эх орны нулимс” (1996 он), Л.Дарьсүрэн “Улаан дэнлүүний хагацал” 1993 он, “Богд эзний зарлиг” (1995 он), Б.Догмид “Үхэл ирвээс үл эмээтүгэй” (2004 он), Ц.Доржготов “Улаан орхимжны давалгаа” (2005 он) Д.Жамъян “Чингис хааны мэнгэ” (2005 он), “Амраг чоно” (2006 он), Ж.Зана “Эмэгтэй хүний хэлтгий заяа” (2000 он), “Мухар гудамж” (1993 он), Х.Зандраабайды “Хөх чонын удам” (1994 он), “Тэнгэр язгууртан” (2004 он), С.Магауия “Чингис хаан” (1996 он) шүлэглэсэн роман, Б.Өлзийсүрэн “Боорчи” (2007), С.Пүрэв “Алаг заяа” (1996 он), Д.Пүрэвдорж “Тарчилсан сүнс” (2006 он), “Улаан зүүд” (2007 он), Л.Пүрэвдорж “Егүүтгэл” (1998 он), “Бэтэг” (1999 он), “Эрлэгийн бошго” (2000 он), “Гилийн дадар” (2004 он), Б.Сосорбарам гавж (2005 он), М.Тогмид “Хувь заяаны цадиг таван дэвтэр” (1991-2001 он), “Бушуу туулай” 1994 он, Д.Төрбатын 12 роман, (1990-2002), “Тэнгэрийн соёрхол” (1996 он), Д.Цэмбэл “Шөнө дунд” (2003 он), Ш.Цэнд-Аюуш “Модерн шүлгийн хоржигнуур” (2006 он), Д.Чинзориг “Тэнгэрт тасраагүй амь” (1995 он), Д.Чойжамц “Мянганы хүн чингис хаан” (2001 он), “Удмын алтан хэлхээ” (2002 он), “Гандашгүй мандарваа” (2003 он), “Онцгой тавилан” (2005 он), Л.Чойжилсүрэн “Түгшүүрт хорвоогийн наранд” (1991 он), “Морин төвөргөөн” (1999 он), “Нью-Иорк” (1966 он), А.Шартолгой “Дигваранз” (1999 он), “Маргааш дайн эхэлнэ” (1999 он), Б.Энхбат “Захиалгат аллага” I-YI (1996, 1997, 1998, 1999, 2001), “Чонын хүү” (1999 он), “Хайрын тангараг” (2003 он) хоймсон роман, С.Номинчимэд “Хөх илдний очис” I, II () “Аугаа эрин”, Ц.Оюунбат “Чимээгүй одогсод” (2019 он) хэлмэгдлийн романууд гарчээ. С.Пүрэвсүрэн “Хавт хасар” 2020 он, “Айсуй цэнхэр нутаг” 2019 он, “Уулын сүүдэр буухаар” 2018 он, С.Батжаргал “Хайду хаан”, “Харийн тэнгэр” М.Уянсүх “Аварга мод”, Тодко Самсун “Вангийн нулимс”, Б.Бааст “Дөрвөн туужийн бор”, Д.Батбаяр “Мемонтог бүтээхүй”, Т.Мандир “Саран зэв”, Ц.Доржготов “Тэнгэр дуугарахын өмнө”, П.Батхуяг “Ганцхан тогшилт тэгээд чулуун зүүд” (2010 он), “Хүйтэн уулын романс” (2018 он), До.Цэнджав “Чонын алтан шагай” (1996, 2009 он), “Цагаагчин гахай жил”, “Цэвдэг жаран”, “Од чиний дэргэд байгаа”, “Эрдэнэ жонон ван Ширчиндамдин”, “Элэгдэхийн аргагүй он жилүүдийн мөрөөр”, “Бөмбөгөр ногоон” (2020 он) Ж.Заяабаатар “Омог босоо Хавт Хасар”, Г.Мэнд-Ооёо “Гэгээнтэн” гэх мэт романууд хэвлэгдэн гарчээ. Үүн дээр Б.Баярхүү олон роман бичсэн сурагтай.
2000 оноос хойш Монголын уран зохиолын романы төрөлд эмэгтэй зохиолчид хүч түрэн орж иржээ гэж үзэхээс өөр аргагүй юм. 1921-2021 он дахь энэхүү зуун жилийн дотор эмэгтэй зохиолчид монголын уран зохиолд тодорхой хэмжээгээр роман бичиж, өөрийн үзэл санаагаа илэрхийлсээр ирсэн. Өмнөх түүхэн уламжлал сөхвөл хорьдугаар зууны эхээр зохиолч Э.Оюун жүжгийн зохиол, С.Удвал “(“Их хувь заяа” 1978 он) роман бичиж, “ТӨРИЙН ШАГНАЛ” хүртэж байсан. Хорьдугаар зууны сүүлчээр зохиолч Бат.Лхагвасүрэн “Сэлүүн орчлонгийн сиймхий” I (1994 он) бэсрэг роман бичиж, уншигчдын сайшаалыг ихээхэн хүртэж байв. Дараа нь уншигчдын хүсэлтээр уг романы II дэвтрийг (2009 он) бичиж, олны хүртээл болгосон. Зохиолч Б.Пүрэвдорж “Могой боолт” I, II дэвтэр (2001, 2006 он) роман, “Хайрыг ухаарахуй” (2004 он) роман, С.Эрдэнэчимэг “Амьдралын дараачийн учрал” (2008 он) роман, “Ил хаан Хүлэг” (2011 он) түүхэн романуудыг бичиж хэвлүүлж байв.
Сүүлийн үед зохиолч Д.Оюунчимэг “Тунгалаг хөх асар” II дэвтэр (2016, 2019 он), “Норгой” (2019 он), “Оройн ганц мод” I дэвтэр (2019 он), “Усгал” (2020 он) гэх зэрэг олон романууд бичиж монголын хүүрнэл зохиолын дотроос чанартай романы тоонд зүй ёсоор ордог. Түүний бүтээлүүд нь нүүдэлчдийн ахуй соёлыг голчлон эгэл, нууцлагдмал эрс тэрс дүрүүдээрээ дамжуулан ёс заншил, байгалийн хүнд хэцүү шалгаралд зохицон амьдарч буй монголчуудын оюун санааны үнэт зүйлсийг нээснээрээ илүү сонирхолтой романууд болсон. Төрийн шагналт зохиолч С.Оюун “Домогт хүрэн халзан” (2019 он) роман бичив. Алс вьетнам нутгаас гүйж ирсэн азарганы тухай, хүний сайхан нөхөрлөл, хайр сэтгэлийг үзүүлжээ. Судлаач Л.Нямаа “Их гүн ухаантан Платон амьд бүхэн оюун ухаан, сэтгэл зүрхтэй байдаг. “Домогт хүрэн халзан” романы гол баатар халзан азарга нь оюун ухаантай, сэтгэл зүрхтэй, эх нутгаа санах зориг эрмэлзэлтэй байсныг яруу тодорхой дүрсэлжээ. Харин түмэн бээр, мянган зовлон амссаар нутагтаа гүйн ирэхэд нь дайсагнасан хүч хүлээж байсан нь хүн, адгуус амьтанд яаж ханддаг хандлагыг харуулж байна. Зохиолч С.Оюун энэ романаараа хүний мөс чанар, сэтгэл зүрх хамгийн хайртай адуун сүргээсээ хэрхэн холдон буйг харуулсан санааг илэрхийлжээ” хэмээн дүгнэжээ.
Мөн зохиолч Ч.Дагмидмаа “Тэнгисийн зүрх” (2021 он) роман хэвлүүлсэн. ““Тэнгисийн зүрх” романы үйл явдлын ахуй уншигчийн дассан хэвшилт ахуйгаас өөр ахуй буюу тайгад өрнөж байна. Асар өргөн орон зайд буюу сибирь, тундрыг хамарна. Энэ ахуй бол, манай уран зохиолд ер нь төдийлөн байгаагүй ахуй юм. Зохиолч ийм ахуйг суурь дэвсгэр болгон үйл явдлыг өрнүүлэхдээ зохиолын эхнээс эцэс хүртэл, бараг өгүүлбэр бүрд, угсаатны зүйн нарийн дүрслэл, ажиглал, танин мэдэхүйн бусад мэдээллийг маш чадмаг шингээж, дүрүүдийн үйлдлийн болон сэтгэлзүйн шинжийг байгаль ахуй, амьдралын хэв маягтай харилцан уусгалцан, сонирхол нэн төрөхүйц бичиглэсэн нь туурвил зүйнх нь маш чухал онцлог юм” гэж доктор Ч.Чимэгбаатар дүгнэж байв.
Энэ мэтчилэн эмэгтэй зохиолчдын бичсэн романуудыг үргэлжүүлэн бичвэл олон өнгө аяс, үзэл санаа, уран сайхны сэтгэлгээ, гоо зүйн баримтлал, дүр дүрслэл зэрэг нь шинэ төвшинд хүрч буйг илтгэн харуулсаар байгаа юм. Тэр бүхнийг энд багтаах боломжгүй юм. Харин 2000 оноос хойш бичигдсэн романуудын төлөөлөл болгож цөөн хэдэн бүтээлийг нэрлэвэл: Зохиолч Л.Өлзийтөгс “Хараацай зогсолт” I, II (2019 он) хоймсон экспериментал роман, Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” (2011 он) ном хэвлүүлснээр эмэгтэйчүүдээс хоёр дахь түүхэн романыг бичсэн. “Хотол цагаан гүнж” (2016 он), “Хүйлэн огторгуйн заадас буюу Эх дагины өчил” (2017 он), “Уулсын домог Хотулун” (2019 он), “Улаан могой” (2020 он) зэрэг түүхэн романууд, “Үүлэн хээтэй орчлон” (2014 он), “Хагацашгүй” (2019 он) уран сайхны романуудыг хэвлүүлсэн байна. Зохиолч Б.Сарантуяа “Сорхугтани” (2012 он), “Сайн хаан Бат” (2014 он), “Самар хатан” (2017 он), “Сэтгэл залгигч хот” (2019 он), “Тогосын цөс” (2020 он) зэрэг түүхэн роман, Б.Гантуяа “Затмандугийн нэг өдөр”, “Үр хурмастын өмнө” хоймсон роман (2019 он), Ц.Оюунгэрэл “Ногоон нүдэн лам” (2008 он), “Жаран цагаан хонь” (2020 он) хоймсон роман, Р.Эмүжин “Хөх сарны явдал” (2020 он) эротик дөрвөл романууд хэвлэгдсэн байх юм.
Зохиолч Х.Болор-Эрдэнэ “Гүйж яваа эмэгтэй” (2019 он) болсон явдлаас сэдэвлэсэн уг бэсрэг роман нь Англи, Америк, Герман, Франц, Австри уншигчдын хүртээл болсон. Монгол хэлээр гадаадын amazon.com-д тавигдсан анхны монгол ном болж байна. Монголчууд гадаадад сурч боловсрох, амьдрахын хажуугаар монгол хэлтэн гадаадын олон хэлээр ном, зохиол бичих эхлэлийг тавьж байна. Цаашид романуудаа англи хэлээр бичих төлөвлөгөө гаргаад буй юм. Мөн Б.Батрэгзэдмаа “Очир эрхшээгч”, Б.Эрхэмбаяр “Сүүтэй уулын савдаг”, Ш.Солонго “Улаан судар” (2018 он), “Хэнгэрэг” I дэвтэр (2020 он), “Хэнгэрэг” I, II дэвтэрийг нэгтгэж “Хэнгэрэг” (2021 он) роман болгож хэвлүүлсэн. Л.Сарантуяа нь 40 гаруй роман бичсэн бөгөөд “Тавилан” I, II, III романаар нь уншигчид илүү сайн мэдэх болжээ. Мөн С.Батжаргал “Намрын шөнийн зүүд” (2012 он), “Хайду хаан” (2014 он), “Их хайрын түүх” (2015 он), “Ишүүжин” (2018 он), “Аргасуу баатар” (2018 он), “Харийн тэнгэр” (2020 он) романууд бичсэн.
Ийнхүү эмэгтэйчүүд олон ургалч үзэл, олон урсгал, чиглэлээр, өөр өөрсдийнхөө үзэл санааг шууд илэрхийлсэн маш олон романууд бичиж, судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг зүй ёсоор татаж, зохиол бүтээлд нь бичиж буй шүүмжүүдээс анзаарч болно.
1921 оноос хойших арван жилд цоо шинэ нийгэмд цоо шинэ уран зохиол бичих хөрс сууриа бэлдэж байсан үе юм.
1930-аад онд роман бичих төлөвлөгөө гаргаж байсан ба үүгээрээ шинэ цагийн роман үүсэх угтвар нөхцөл бүрдүүлж өгсөн гэж үзэж болно.
1940-1960 онд монгол роман төрөл зүйлийн хувьд бүрэлдэн тогтох анхны алхам хийсэн үе юм. Энэ үед (1946 он) Зөвлөлтийн зохиолчдын хорооноос Монголын зохиолчдын эвлэлийн 25 жилийн ойн баярын мэндчилгээнд “Сайн нөхөр, мэргэн багшийн зөвлөгөөг (М.Горькийн 1925 оны захидал) та нар хэрэгжүүлж байна” гэж үнэлсэн. Энэ нь зохиолчдыг роман бичихэд дуудсан дуудлага байжээ.
Роман бичсэн нэгэн туршлагаас сонирхуулахад: “1939 оны намар юмсан. Халх голын баатруудад зориулсан цуглаан болж, тэдэнд шагнал гардуулах ёслол ч болж, зохиолч Ц.Цэдэнжав зохиолч нөхөдтэйгөө оролцжээ. Зохиолч болгон Халх голын баатруудын гавьяаг алдаршуулан дуулах хүсэл зоригоор дүүрэн байх аж. Ц.Цэдэнжав зохиолч Дандар баатар, Пэлжээ комиссар, улс төрийн удирдагч Жүгдэрнамжил, их буучин Мядаг зэрэг олон дайчидтай уулзаж, маш их ярилцлага олж авч гэнэ. Холбогдох газруудаас ч материал их цуглуулж гэнэ. Тэдний баатарлаг үйлс нь тэр чигээрээ роман шиг санагджээ. Тэр тухайгаа бодож боловсруулсан юм байхгүй, цаасан дээр л бушуухан буулгадахжээ. Мөн Чойбалсанд оргилсон сэтгэлээр захиа бичээд ч амжиж. Зөвлөлтийн зохиолч Д.Фурманновын “Чапаев”, Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” романыг ч өдөр, шөнөгүй уншжээ. Роман бичихэд ч амархан ч юм шиг бодогдож. Ургуулан бодож, уран сэтгэмжээ баяжуулан, зохиомжийг нь тааруулна энэ тэр гэж нэг их зүдрэлгүйгээр уг болсон явдлын дагуу баримтыг баримт хэвээр нь биччихээд сүүлчийн хуудасны бэх нь хатаж амжаагүй байхад цэргийн яамны зохих хүмүүст өгч. Тэд нар нь уран сайхны хүрээлэнгийн утга зохиолын хэлтэст шилжүүллээ. Түүнийг хэд хэдэн зохиолч дамжуулж уншаад, сүүлд нь Ц.Дамдинсүрэн гуай нягтлан үзжээ. Тэгээд зохиолч нөхөдтэйгөө зөвлөж “Өгүүлэгдэхүүн, баатруудын дүр, үйл явдал, зохиомж, хэл найруулгын аль ч талаараа роман болж чадсангүй” гэсэн хариу өгч. Тэрхэн үедээ гоморхож л байсан. Хожим нь бодож байхад яах аргагүй зөв хариу байсан юм. Ер нь романыг тийм амархан биччихэж болдоггүй юм билээ. Би тэр үед болсон явдал, баримт, хүний ярьсан яриаг өөрийн болголгүй, уран сайхны аргаар олигтой боловсруулалгүй бичсэн юм чинь аргагүй. Залуу ч байж, омголон ч байж. Тэрхэн үедээ романаа хойш тавиад, тэр материалаараа гурван зохиол бичжээ. Түүний нэг нь “Талын манхан” туульчилсан найраглал, нөгөө нь “Дандар-28” найруулал шүү дээ. Гурав дахь нь “Улсын гарамгай баатар Дандар” намтарчилсан найруулал юм. Гэхдээ романыхаа навтаргыг хаячихсангүй. Жараад онд өөр сэдвээр хэд хэдэн роман бичиж, дөчөөд оны үеийнхнийг бодвол овоо туршлагажсан. Гуч гаруй жил сэтгэлдээ тээж, тэмдэглэлдээ хадгалж явсан баримтыг сөхөж үзэж, дурдатгалаа сэргээн бодож, үзэг нэгтэй нөхдийнхөө зөвлөгөөгөөр уйгагүй ажиллаж, дахин дахин бичиж, засч байж “Талын манхан” романаа 1979 онд хэвлүүлжээ. Шилдэг сэдэв, шилдэг баримт огтхон ч хуучирдаггүй ажээ. Зохиолч Ц.Цэдэнжав уг түүхэн явдлаас хойш, анхны ноорог гаргаснаас хойш 40 шахам жилийн дараа романыхаа баатруудыг сэргээн амилуулсан юм” гэж “Романы чимээ” өгүүлэлд тэмдэглэн бичжээ. Зохиолч Ц.Цэдэнжав “Тэр үед залуухан зохиолч байжээ. Сэдэшгүй сэдлэг мэт санагдаж байсан энэ анхныхаа романыг тусгай материалаар нандигнан эсгэж байснаа эргэн санахад таатай санагдаж байна” гэж “Талын манхан” романы “зохиогчийн үг”, “Роман бичнэ гэдэг амаргүй шүү. гагцхүү авьяас билиг, зориг тэвчээр, махруу хөдөлмөрөөр л түүнийг бичнэ. Нөхдийн харамгүй зөвлөсний ачаар энэхүү роман сав голдирлоо олж, одоогийнхоо өнгө барилд хүрсэн гэхэд ташаа болохгүй. Гэхдээ гол материалыг анх өгсөн Халх голын байлдааны алдарт дайчдыг мартаж болохгүй” гэж бичиж үлдээжээ. Үүгээр роман бичнэ гэдэг сэтгэлийн хөөрлөөр биччихдэггүй юм гэдгийг бичигчбээр би үзүүлэхийг хичээв.
1970-1980 оны монгол роман: “Монгол романуудыг ажиглахад ардын хувьсгалын үе буюу 1920-иод он, хөдөө аж ахуйд гарсан өөрчлөлтийн үе буюу 1940-өөд он, социализм байгуулалтын шат 1950-аад он, газар тариалан, хот байгуулалт гэх мэт үйл явдлууд монгол романд зохих байраа эзэлжээ. Ардын хувьсгалын гүнзгийрэл, өөрчлөн байгуулалт, хэлмэгдүүлэлтийн үе зэрэг онцгой үйл явдал болсон 1930-аад оны хэрэг явдал роман өгүүлэмж төдийлөн ороогүй үлдэж байлаа. Тэгвэл энэ цагаан толбыг нөхөж, гучаад оны үйл явдлын сэдвээр Л.Чойжилсүрэн “Хаврын жавар” (1979 он), С.Дашдэндэв “Залуу нас” (1980 он), Н.Надмид “Хүлээс алдарсан нь” (1980 он) романууд гарчээ. Юуны өмнө эдгээр гурван романд гучаад оны үеийн манай орны нийгмийн амьдралын ээдрээт хэрэг явдлуудыг нэлээд гүнзгий оновчтой, үнэмшилтэй тусгасныг тэмдэглэх хэрэгтэй” гэж “Сүүлийн үеийн роман бичлэгийн өнгө аяс” шүүмжлэлдээ тодорхой тайлбарлажээ.
1980-1990 оны монгол роман: судлаач Д.Отгонсүрэн “Сүүлийн үед монгол уран зохиолд туульсын буюу өгүүлэлт зохиолын томоохон төрлийн нэг роман олон гарч, роман зохиогчдын тоо ч эрс өсөж, жаахан наргиан аясаар хэлбэл роман бичээгүй зохиолч хуруу дарам цөөхөн үлдсэнээр барахгүй, хааяа “роман бичээгүй зохиолчийг ямар зохиолч гэх вэ” гэх шиг нэг талаас үгүйсгэсэн, нөгөө талаас эндүү ташаа хэлсэн үг ч чих дэлсэх боллоо. Гэвч сайхан бичих нь чухал болохоос томоохон төрлөөр “үзээд алдах нь” гол биш гэдгийг уншигчид маань зөвхөн “унацтай томоохон юм хийсэндээ сэтгэл ханасан” зохиолчдоос илүү ойлгодгийг нурших нь илүүц зүйл билээ” гэжээ. 1960-аад онд “Романтай боллоо” гэж олзуурхаж, “Манай уран зохиолын ололт, амжилт мөн” гэж үзэж байсан бол 1980-аад онд “Роман олшровч жинхэнэ роман цөөн байна”, “Дадсан төрөл зүйлээ дагнан сайн бичих нь томоохон юм хийж үзэх гэж аз туршихаас дээр”, “Хоёр гурван дэвтэр романы эхнийх нь сайн, сүүлчийнх нь муу боллоо” гэх мэтээр шүүмжилж, роман бичиж туршсаныг олзуурхах биш, роман болж чадсан уу, үгүй юү гэдгийг дүгнэж, цэгнэх, ямар нэг романы тухай тоймлон ярих биш, зохиомж, дүр, уран сайхан, зөрчил, тэмцэл, хэл найруулга гэх мэт тодорхой зүйлүүд дээр тогтож ярих цаг болсон гэж үзэж эхэлсэн.
2000 оноос хойших монгол роман: (Энэ тухай дээр өгүүлсэн)
Роман нь уран зохиолын амин чухал гол төрөл бөгөөд ирээдүйд ч амь бөх оршин байх хүний оюун ухаанаас урган гарсан сэтгэлд хүрэх хэрэгцээ шаардлагатай зүйл гэдгийг өнөөгийн уншигчдын үзэл бодлоос илүүтэй харагдаж байна. Өдгөө хүмүүс хүүрнэл (үргэлжилсэн үг)-ийн зохиол унших, эрж хайх, асууж сураглах болсонтой холбоотойгоор зохиолчид роман бичих зайлшгүй шаардлага нөхцөл дахиад үүсэж байна. Олон уншигчийн саналаас үзэхэд орчин үед “шүлэг гэхээсээ үйл явдал хөөж унших тун сонирхолтой” гэсэн санал олонтаа гарч байсан. Өмнөх зуун жил бол манай түрүү үеийн ахмад зохиолчдын авъяас билиг, хүчин чармайлтаар монгол романы үндэс суурийг бат бэх тавьж, туршлага, дэг сургууль болж, нэг байтугай нэлээд олон шат ахиулан алхалт хийснээрээ романы хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж өгсөн. Өнөө үеийн зохиолчид нь романы төрөл хэлбэрийг баяжуулахын зэрэгцээ романд тавигдаж буй үндсэн шаардлага, шалгууруудад нийцүүлж, романыг урлагийн хэмжээнд хүртэл хөгжүүлэн, дараагийн шатанд дэвшүүлэн тавихад ихээхэн анхааран ажиллах цаг болжээ.
Бичигч бээр би зуун жилийн доторх “Монгол роман”-ы тухайд ерөнхийд нь тоймлон үзүүлэхийг хичээлээ. Уг тойм нь судалгаа шинжилгээний бүтээл биш бөгөөд ямар нэгэн роман сонгож, түүн дээрээс жишээ авч, шүүмжилж, задлан шинжлэл, тайлбар зэргийг хийгээгүй болно. “НОМЫН ТУХАЙ БУУ ХАЛЪЯ” бүлгэмийн номын ертөнцөөр уншигчдыг аялуулж, уншсан номоо задлан шинжилж, тэмдэглэн үлдээх зорилготой зохион байгуулж буй “Монгол роман-100 жил” (1921-2021) төслийн хүрээнд зохион байгуулж буй уг ажлыг дэмжиж, 100 жилийн дотор бичигдсэн монгол романуудын тухай ерөнхий мэдээлэл бэлтгэж, өмнөтгөл болгон үлдээж буй юм. Уг бичвэрийг бэлтгэж суухад Монгол романы тухай цаашид нарийвчлан судлах зүйл их байна гэдгийг олж харлаа. Судлах хүсэл ч маш их төрөв. Анхаарал, сонирхол татсан зүйл, олон асуудлуудыг тэмдэглэн авч, цаашид албан ёсоор судлах хэрэгцээ шаардлага бий.
2021. 08. 23.
Улаанбаатар хот
Б.Урангоо (Хэлбичгийн ухааны доктор (Ph.D))