Д. Оюунчимэг "Оройн ганц мод" романы тэмдэглэл

Д. Оюунчимэг “Оройн ганц мод” романы тэмдэглэл

Тэмдэглэл

Санамсаргүйгээр дүүрэн байдаг мэт харагдах амьдралын яг цаад гүнд бол учир шалтгаан бүхий зүй тогтол оршиж байдгийг нээн үзүүлэх гэсэн нэн сонин зохиомж бүхий романыг нэг удаа уншаад өнгөрөх биш нэлээд ул суурьтай бодож эргэцүүлмээр санагддаг. Орчин цагийн Ийяа бүсгүй зуугаад жилийн өмнөх жинчидтэй ямар учир шалтгаанаар холбогдож болох, цаг хугацааны ийм алс орон зайгаас өдгөө хүртэл үргэлжиж байгаа тэр уялдаа холбоо юу байж болох талаар хэн хүнгүй эргэцүүлж бодоход хүрнэ. Зохиол эхлэлээсээ урагшаа хөвөрч, цаг хугацааны гүнд нуугдсан, хаягдаж гээгдсэн тэр зүйл юу болохыг ягуухан тэмтэрсээр, үйл явдлын гинжин хэлхээнд уншигчийг татан оруулж, нууцын эрэлд хамт мордоход хүргэж байна. Эдүгээ болон эрт цагийн үйл явдлуудыг сүлжин бичихдээ зүгээр л нэг адал явдал хөөх маягааар бус орчлон хорвоогийн чинадын нууцыг эрэн хайх тэр эрэлд хатаж, цөхөрч, эргэж буцаж явсаар эцсийн цэгт бүгд нэгдэн нийлж нэгэн цогц болж байгаа боловч, далд ухамсрын зөн совингоор тааж таамаглахаас  өөр аргагүй тийм бодлын эргүүлэг дунд уншичгийг орхиж байгаа нь эс төгссөн төгсгөл бүхий зохиол гэж үзэхээс өөр аргагүй. Зохиол төгссөн боловч уншигчийн сэтгэлд өөрийн өөрийн хувилбараар үргэлжлэх юм. Яагаад гэвэл маш олон мэдээлэл дурдагдаж байгаа боловч яг баттай үнэн нь аль юм бэ? гэсэн хэцүү асуултын дунд уншигчийг орхиж байгаа юм. Орчин цагийн постмодерн уран зохиол, орчин үеийн квант физик хоёр ертөнцийн нэгдмэл зүй тогтлыг олж нээх гэсэн эрэл хайгуул дээр хачин их ойртож байгаа тухай нэгэн судлаач бичсэн нь бий. Чухам энэ эрэл хайгуулд монгол зохиолч, нүүдэлчин монголын ертөнцийг үээх үзэлд тулгуурлан “зүй тогтол”-ын эрэл хайгуулд тэмээн жингээ хөтлөн ирсэн нь том олз юм аа.

“Хүмүүн бид олж хардаггүй л болохоос хүний аз жаргал гэгч маш өчүүхэн зүйлд бий” гэсэн эшлэл юуг хэлнэ вэ? Амьдралдаа юугаар ч дутаж гуцаж яваагүй Ийяа бүсгүй юуны учир гутрал хоосролд автана вэ? Ямар ч зорилгогүй амьд яваа гэдгээ хэзээ ч мэдрэхийг хүсээгүй бүсгүй далд ухамсртаа хөтлөгдөн хэзээ ч очиж байгаагүй газраа зорьж, хэзээ ч танихгүй хүний нэрийг хэлэн “залгаасгүй цагаан хөндий”-д амь дүйж явсны учир юу вэ? гэх мэт яагаад гэсэн олон асуулт ар араасаа хөвөрч , зохиолд гарах дүр болгоныг түүнтэй хардаж сэрдэн ямар нэгэн холбоос, сэжим сэжүүр хайж байгаа гярхай зэвүүн уншигчийг дотроо нэг төсөөлөөд үз дээ. “...Залгаасгүй цагаан хөндий өмнө нь дэлгэгдсэн зотон мэт үргэлжилж...Хаа нэгтээ сугарч үлдсэн цаг хугацааны үнэт хэрчмүүдийг ийш зөөвөрлөн авчирч, өөрийнх нь одоо болтол мэдэх гээд чадаагүй тэр бүхнийг, яах гэж амьдраад, юу хүсэж хүлээгээд, басхүү юунд шаналаад байгаагийнх нь цаад учрыг дүрслэлийн хэлээр дэлгэн үзүүлж байх мэт ээ” дүрслэлээс Ийяа бүсгүйн далд ухамсрын зорилго ил гарч ирж байна.

Алтайн Урианхайн баруун гарын Дархан бэйсийн хошууны жинчид Өрөмч ороод буцаж байгаа тухай 2-р бүлэг эхэлнэ. Нутаг хошууныхаа үүх түүх, домог хуучийг хөөрөлдөх тэр жинчид бол нүүдэлч монголчуудын өв соёл, зан заншил, ертөнцийг үзэх үзэл, оюун санааны үнэт зүйлийг  тээж яваа, түүх-соёлын жинчид юм. Баруун монголын домог хуучийг ам дамжуулан хөөрч , баатарлаг туулиа хайлж, икэл хөгжимөө товчиж, уул ус, байгаль дэлхийг амь сүнстэй гэж итгэж биширч яваа эгэл боргил, цөлх тэр жинчид нүүдэлчдийн төлөөлөл дүрүүд юм. Нэг л жингийн цуваанд яваа тэр олон хүмүүс бүгд өөр өөрийн давтагдахгүй, дүр төрх, ааш араншинтай. Талийгч болсон нутгийнхаа хошуу ноёныг сэтгэл бодлынхоо жинд тээж яваа тэдгээр хүмүүс, тэр ноёноороо дамжуулан уламжлалдаа, төрдөө үнэнч, улс монголынхоо хувь заяаны төлөө санаа зовнигч, өөрсдийн үүх түүхээр бахархагч, үндэтнийхээ гал голомтыг тээн яваа тэнгэрийн жинчид юм.

“...Мөрөөдөл ч үгүй итгэл ч үгүй яг л энэ царцуу цагаан тал шиг сэтгэлд нь эцэс төгсгөлгүй жингийн цагаан замаас өөр юу ч байхаа больжээ” гэсэн дүрслэл байна. Цөхрөлд шаналалдаа автан алхаж яваа энэ бүсгүй бол Ийяагаас яг зуун жилийн өмнөх Сийлэн бүсгүй юм. Хайртаа хүнийхээ араас хатаж шаналсаар алхаж яваа Сийлэн бүсгүй, хайртай хүнтэйгээ учрах цагийг хүлээн бэдэрсээр яваа Ийяа болон эргэж ирэв үү? Шууд тийм мөн гэж гөрдөх боломж байхгүй ч зохиолын учир битүүлэг зангилаануудыг нэг нэгээр нь хөвсөөр байх юм бол нэг тийм таамаг гарч ирэх нь дамжиггүй. 

Үүлэн дээр орд өргөөгөө барьсан шонхор шувууны орд өргөөнийх нь үүдэнд усан дусал мэт тунгалаг навчтай оройн ганц мод ургаж байдаг гэнэм. Ертөнцийн амьдралын учир зурлага тэр тунгалаг навчны судал хээнд байдаг гэнэ. Түүнийг тайлж уншсан хүн хорвоогийн хамаг явдлыг мэдэж авдаг гэнэ. Энэ тухай жин дагаж Умбаа лам Сийлэн бүсгүйд хуучлана. Ерөөс зохиолын амин сүнс, гаргалгаа, тайлбар энэ усны дусал мэт тунгалаг навчтай оройн ганц модыг тойрон эргэлдэж байна. Энэхүү оройн ганц мод бол ертөнцийн нэгдмэл зүй тогтлын бэлгэдэл юм. Өнгөрсөн одоо ирээдүйг мэдэж болно гэсэн санаа. Онолын физикчид орон зай ба цаг хугацааны гажилтыг ашиглан цаг хугацаагаар аялах боломжтой тухай ярьдаг. Өнгөрснөө мэдэж, ирээдүйд очно гэсэн үг. Энэ бол орчин үеийн ойлголт. Харин зуун жилийн өмнөх эгэл монгол лам яг адилхан л зүйл  ярьж байна. Харин хэрхэн тэр яаж оройн ганц модонд хүрч тэрхүү усны дусал мэт тунгалаг навчин дээрх бичээсийг тайлж өөрийн хувь заяагаа мэдэж болох вэ? Ийяа бүсгүйн эрэл хайгуул яван явсаар үйлийн үрийн барилдлагынхаа учир зангилааг тайлах төдийгүй Оройн ганц модны усны дусал мэт навчийг тайлж унших учир шалтгааныг ч мэдэж авч байна. Бодит амьдралд бодол зүүд хоёр бол барьцгүй хийсвэр ертөнц. Гэтэл бодит амьдрал маань энэ хоёр хоосон зүйлгүйгээр орших аргаүй болж ирлээ. Хий бодол, хоосон зүүд хэмээх хийсвэр зүйлүүд маань цаг хугацаа руу нэвтрэх үүд хаалга байж болох уу? гэсэн санаа дэвшүүлж, гаргалгаа ч бас дориун сайн итгэл үнэмшилтэй гаргаж ирлээ. Зохиолд байгаа текстүүдийг шинжилж үзэх юм бол ийм хариу гарч ирнэ.

 “...Зүүдийг хоослох хэрэгтэй, бодлын урсгалыг хянаж, цөөлж, үгүй болгодог шиг зүүдийг ч бас үгүй болгосон цагт тунгалагийн бичээс тодорно...” гэж зүүдчин залуу эцэст нь хэлдэг. Одоо бүх зүйл ойлгомжтой юм шиг санагдах ч зүүдийг хоослох, бодлыг үгүй болгох гэдэг жир хүний боломжоос давсан хэрэг. Гэхдээ болохгүй гэсэн үг огт биш. Гарц нь дорнын гүн ухаан, буддын философид оршин буйг зохиолч эргэлзээгүй зааж байна. 

Зохиолд гарах дүрүүд солиотой гаж гэмээр хүмүүс ч яг үнэндээ үнэний эрэлчид юм. . Шоронгоос хамтдаа оргосон Хуяг, Далантай хоёр бол Ийяа үйлийн үрээр холбогдсон хүмүүс. Харин Хуяг, Далантай хоёр амьдралынхаа өч төчнөөн жилийг зүгээр л үрэх, тарчилж зовох, түүгээрээ цагаатгал хийх учиртай ,  цаана нуугдаж байгаа том шалтгаан нь юу байв гэдэг асуултын хариулт хамгийн хүнд оньсогын нэг мөнөөсөө мөн. Уншигчийг хөтөлж, ухаан бодлыг нь сорьж байгаа тэр учир битүүлэг зангилааны аль нэг үзүүрийг чангааж үзвэл холбоосыг нь олж болох юм. Тэнгэрийн тэмдэгтэй төрсөн Далантай оюун бодлынхоо түгжээг тайлах эрэлд хатаж байна.Түүний хувьд шоронд байх, ууланд ганцаар бүгэх онцын ялгаагүй мэт. Оюун бодлоо шаналган удтал эрж хайж, эргэцүүлсэний эцэст бодлоо шүүн тунгааж тунгалаг болгохын хэрээр үнэн өөрийнх нь дотор оршиж байсныг олж нээж чадаж байна. Түүний хувьд олж нээсэн Оройн ганц модны тунгалаг навчны бичээс хэмээх нь цэвэр тунгалаг оюун санаа юм. Харин Хуягийн хувьд золгүй тавиланд унасан үйл лай нь төрсөн эхийгээ хөсөр үзэж түлхсэн нүглээ тэгж барагдуулах учиртай байж.  Хүний хувь заяа, амьдралын зам төрөхөөс зурагдсан байдаг юм уу, эсвэл хувь тавилангаа хүн өөрөө бүтээдэг юм уу? гэсэн асуулт шашин болон философийн мөнхийн сөргөлдөөн байсаар өдий хүрчээ. Үйлийн үрийн гинжин хэлхээ хүний амьдралын зам мөрийг тодорхойлж байдаг ч далд ерөнцөөс ирэх дохио тэмдэг, хэл чимээг хүн өөрөө мэдэрч тэмтэрч чадах аваас хүн өөрөө хувь шинээр бүтээж, залуурдаж болно. Хүн өөрийгөө бүтээх тавилантай гэсэн оршихуйн философийн үзэл санаа ханхалж байгааг төвөггүй таамаглаж болно. 

 Ийяа бүгүй залгаасгүй цагаан хөндийд өөрийн мэдэлгүй очсоны учир нь төрсөн эцэгтэйгээ уулзах далдын зөн совин, сэрэл мэдрэмжинд хөтлөгдсөн хэрэг байж. Чухам тэр  далд ухамсрын жолоодлого амьдралын утга учрыг хайх эрэл хайгуулын үүд байж. Зүүдэлж байгаагаа ухамсарлаж мэдээд, зүүднийхээ цаад талд гарч чадах эсэхийг хэн ч үл мэднэ. Бидний бодол, зүүд хийсвэр юм бол бидний бодит оршихуй ч бас хийсвэр байж таарна. “Хүн байгаль ертөнцийн байгаль ертөнцийн өчүүхэн нэг хэсэг болохынхоо хувьд түүний бүх мэдээллийг өөртөө агуулна, яг л дусал ус далайн шинж чанарыг бүрэн тодорхойлдог шиг” гэсэн мөрүүд хүн бол орчлон хорвоогийн бичил загвар гэсэн үзэл санаатай нийцэж байна. Тэгвэл тэр мэдээллийн санд хэрхэн нэвтэрч, тайлж унших вэ? гэсэн асуулт гарч ирнэ. “Бүхий л бясалгалын гол зорилго бол оюун ухаанаа чөлөөлж байгаад далд ухамартаа хүрэх. Хэрэв тэнд хүрч чадах юм бол гэгээрлээ гэсэн үг” .Зохиолын гүн үзэл санаа энд хүрч ирлээ. Нөгөө Оройн ганц модны усны дусал мэт тунгалаг навчны бичээсийг унших нууц энд тайлагдаж байна. Бид энгийн ухамсар, оюундаа өөрсдийн туулсан амьдралын л мэдээллийг хурааж, цуглуулж яваа. Түнийгээ дурсамж гэж нэрлэнэ. Хэчнээн бодит амьдрал байлаа ч тэр нь дурсамж буюу мэдээлэл  болон хувирч байдаг. Яг л зүүд шиг. Зүүд бол завсрын юм уу, зэрэгцээ ертөнц байх гэсэн төсөөлөл бууж байна.Учир нь зүүд цаад талд гарна гэдэг маань үхлийн хаалгаар шагайх буюу өөр хэмжээст ертөнцөд очиж байна гэсэн үг.

 Цаг хугацаа шугаман юм уу, ороомог хэлбэртэй биш яг номын хуудас шиг зэрэгцэн оршиж байдаг тухай таамаглал Ийяад төрдөг. Тиймээс тэр өөрийнх нь амьдралаас сох дутаад байгаа таван жилийг ,цаг хугацааны тэр тасарсан хуудсыг олж үзэхийг хүсдэг. Нээрээ тэгж болох уу? 

 Романд дэвшүүлж буй гол санаа бол ахуйн балчгаас чөлөөлгдөн далд ухамсрын гүнд нэвтрэх. Зүүдээ таньж барих, хэрэггүй бодлоос чөлөөлөгдөж, сиймгэр тунгалаг болгох, яг л оройн ганц модны навч шиг. Үлгэр домгийн мэт санагдах, шонхор шувууны өргөөний үүдэнд байх оройн ганц мод бол хүний дотоод чинадад орших далд ухамсрын орон юм гэсэн хэлмэрийг зохиолч бидэнд дамжуулж байна. Далд ухамсартаа нэвтэрч чадсан хэн боловч усны дусал мэт тунгалаг навчин дээрх шиг тэр бичээчийг уншиж чадна гэсэн үг байх нь ээ.

 Зохиолын үг хэллэг яруу найргийн хэлэмжтэй, утга санаа нь гүн гүнзгий, зохиомж нь сүлжээс тун уран сэтгэмжтэй, маш сайн судалгаатай, олон чухал мэдээлэл агуулсан, уншууртай сайхан бүтээл болсныг хэлэх юун. Уран бүтээлчийн оюун санааны эрэл хайгуул, факт баримтад тулгуурласан текст бичвэрүүд, бичлэгийн хэв маяг ур чадвар нь хүүрнэл зохиолын төрөлд  дахин давтагдахгүй өвөрмөц өнгө төрх бүхий өөрийн гэсэн Оройн ганц модоо бүтээж чаджээ. Дэлхийд ганцхан монгол нүүдэлчдийн соёл иргэншлийн онцлогийг тэмээн жинд тээж яваа тэр жинчид тэртээ зуун жилийн өмнөх цаг хугацаандаа үлдэж хоцрох бус, харин тэнгэрийн цаг болоход тэнгэрээс бидэн рүү бууж ирэх бэлгэдэл бүхий уран гойд санаа төрүүлж байгаа юм. 

 Орчин цагийн хүүрнэл зохиол өрсөлдөөн ихтэй, уншигч зохиогчид хүрээгээ тэлж, олон урсгал чиглэлээр уралдан бичиж байгаа боловч ихэвчлэн үйл явдал хөөж, үгийн урнаар наадаж, уншигчийг нүдийг хуурах төдий хялбархан, нэг л уншаад мартагдах зохиолууд олширч байгаа энэ цаг үед сэтгэлгээний томоохон бүтээл туурвина гэдэг зохиолчоос авьяас, ур чадвар шаардахаас гадна, баримт судалгаа, эрэл хайгуул, шинэ сэтгэлгээ давхар нэхэх амаргүй хүнд даваа билээ. Энэ сорилтыг амжилттай давж, оюун баясгах жингийн цуваа хөтөлсөн яруу найрагч бүсгүй нэг хэмнэлд орсон хүүрнэл зохиолын ертөнцөд оройн ганц мод мэт содон бүтээл дахин туурвих биз ээ.

Тэмдэглэл бичсэн Хөх толбот Д.Төмөр-Очир