С.Дашдэндэв "Улаан наран" романы тэмдэглэл

С.Дашдэндэв “Улаан наран” романы тэмдэглэл

Тэмдэглэл

 

Хувьсгал бол хувьсан өөрчлөгдөхийн төлөө хэн нэгний хийж буй тэмцэл. Хувьсгалын үйл хэрэгт заавал хоёр талаас оролцоно. Хүн хүнтэйгээ, хүн дотоодтойгоо тэмцэнэ. Ерөөсөө хүний амьдрал тэр чигтээ тэмцэл дунд оршсоор иржээ. 

Улаан наранг уншиж байхдаа хөөрхий ядарсан ард түмэн минь хэтэрхий их зовлондоо урьд нь ямар их хүлээц тэвчээртэй хандаж ирснийг өрөвдөж суулаа. Исэж саагьсан гурил савандаа багтдаггүйн адил тэсвэр тэвчээрт ч өөрийн хязгаар буй. Нэг л өдөр савнаасаа хальсан гурил шиг эх орон даяараа ард түмэн маань эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж босож, бас ялалт байгуулж чадсан. Эцэг дээдсийнхээ энэ өрөвдөм хувь заяагаа сөрөн боссон агуу их ялалтын үнэ цэн болох эх орноо бид тэдэн шигээ хайрлаж, бусдаас харамлаж, хамгаалж явах учиртай сан.

Эцэг өвгөдийн маань зовлонгийн гашуун хар нулимс, тэмцлийн халуун цусаар хамгаалагдсан эх орныг бүрэн бүтнээр нь, эрдэнэс баялагтай нь ирээдүй хойчдоо хүлээлгэж өгөх сөн. Эд баялгийг бүхнээс дээгүүр тавигчид хийгээд, эрх мэдлийг эрхэмд тооцогчдын зүрхэнд эх орноо гэх өчүүхэн атугай сэтгэлийн зул бөхөөгүй бол энэ номыг нэг уншуулах сан.

Зохиолыг уншиж байх явцад төрсөн бас нэгэн бодрол. Хаана хэзээ жаргал гээч нь ирэхийг үл мэдэх ч хэзээ ч бууж өгөөгүй Буяндэлгэр. Энэ цагийн харимхай, шантрамтгай болсон залуучуудад жинхэнэ үлгэрлэмээр дүр байлаа. Сэтгэлт хүүхэн Диймаагийнхаа хамтаар баян Данрангийн зарц хийсэн цагаасаа жаргал үзээгүй ч, үнэн хаана байдгийг, ард түмэн хэрхэн зовлонгоос ангижрахыг өөрийн ухаанаар эргэцүүлэн үнэний эрэлд мордоно. Туулсан зам төвөгтэй, дүүрэн саад тотгортой байсан ч тэр замаасаа гажсангүй. Эрсээр хайсаар тэмцсээр эцэст нь хувь хүнийхээ хувьд ч,  эх орныхоо хувьд ч хүссэн эрх чөлөөт амьдралаа олж авч өөрөө өөртөө хувьсгал хийж байна. Нэг иргэний хувьсан өөрчлөгдөхөөс нийт ардын шинэ өөрчлөлт хамаарна гэдэг л энэ билээ. Монгол орон мянга мянган Буяндэлгэрээр шинэ цагийн хувьсгалд золгожээ. Бид нэг ийм сэтгэлгээний хувьсгал, шинэ цагийн өөрчлөлтийг өөрсдөдөө хийх болсон мэт. Байгаа хувь тавилантайгаа эвлэрч бус тэмцэж сөрж, бүтээж байгуулж амьдрах сан.  Чин хүсэл минь энэ болой.

Мэдээлэл тэмдэглэл бэлтгэсэн. Л.Атарцэцэг

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш