Л.Түдэв "Оройгүй сүм" романы тэмдэглэл

Л.Түдэв “Оройгүй сүм” романы тэмдэглэл

Тэмдэглэл

Оройгүй сүм буюу огторгуйн сарны явдлын өгүүлэмж дор

Оройгүй сүмийг уншсан хүмүүс өөр өөрийн дүгнэлт хийдэг боловч нэг том маргаантай асуудал гарч ирдэг нь нэг талаас бурхны шашны эсрэг ухуулгын зохиол гэдэг бол нөгөө талаас бурхны шашныг уран зохиолын аргаар магтсан зохиол гэдэг. Би өөрийгөө энэ бүлэг хүмүүсийн аль хэсэгт багтах бол гэсэн сонирхолтой асуулттайгаар уншиж эхэлсэн. Ингээд өөрт төрсөн сэтгэгдэл миний, энэ зохиолын талаарх дүгнэлт ямар ямар зүй тогтлоор хэрхэн батлагдсан талаар товчхон өгүүлбэл:

  1.                 Сарны явдлын тухай буюу хар цагаан нийцэл:

Задлал хийх зорилготой, дэлгэрэнгүй судалгаа хийх учраас би зохиолыг нэлээд олон уншсан. Ингээд “Огторгуйн сарны явдал шиг 2 талт зохиол юм аа.” гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Зохиолч зохиолоо бичихдээ бурхны шашныг гүн ухааны аргаар тайлбарлан таниулсан  боловч нөгөө талаас түүнийг дагаад гарч ирсэн мухар сүсэгтний хор уршгийг олон тод жишээгээр шүүмжилсэн зохиол байна. Мухар сүсэгт хэт их автсандаа бүсгүй хүнийг чивэлт эм, бузар зүйл хэмээн үзэх  атгаг санаат лам нарын явдлаас болж оюуны сав цоорсон гэгээнтний мэлмийг нь сохолж цөлж орхиод хийж байсан үйлийг нь дуусгаж чадахгүй гацаж байгааг үнэн шудрагаар шүүмжилсэн. Хэтэрхий ганган гутал хөлд халгайтай байдгийн адил хэт их саймшран бичсэн зүйлд хүмүүс сүжиггүй болчихдог учраас хар цагааныг энэ тэнцүүхэн хослуулан бичжээ. Энэ нь уншигч бүрийн сэтгэлгээний шалгуур болж өгдөг онцлог байна. Хар цагаан, сайн муу зүйлийг нь эн тэнцүүхэн оруулаад өгөхөөр хүн өөрийн сэтгэлгээний чадвартаа л багтаан дүгнэлт гаргана гэдгийг бодсон болов уу.

Мөн уран зохиолын эх болохын хувьд энэ зохиол тэр чигтээ уран харшууллын аргаас бүтсэн. Жишээ нь:

-“Хөөрхий! Үхэх цаг ойрхон гэж бодохдоо л түүнийгээ уртасгахын хүслэн болж явсан юм байх даа. Хэн нь түүнд “Пабон-хааг гороолон тойрвол нас уртасч гурван үеэ үзнэ.” гэж хэлсэн юм бол доо. Энэ талийгаачид болохоор Пабон- хааг тойрох нь буян болж байдаг. Надад болохоор шийтгэл болдог байх гэж дээ. Аяа, орчлонгийн явдал ийнхүү дэгэл доголтой ажээ” гэж Санж гэцэл дотроо бодлоо. Нэгэн үйлийн хоёр талын тухай бодол түүний сэтгэлд гурав дахь удаагаа орж ирж байгаа нь энэ. Өлзийг өөд болоход донзонпа нар Санжид анх ийм юм бодогдуулсан. Дараа нь багш лам зулын гол болж одоход мөн л эргэлзэн гайхах бодолд эзлэгдсэн. Одоо Пабон- хаа гэж хүний нутгийн зэрлэг уулсын хяр дахь хоосон агуйнуудыг тойрон гороолох хувь тавиланг хүртээд нэг нь шийтгэл, нөгөө нь буяны үйлс гэж итгэн яваа хоёр биеийн учралаас ургуулан элдвийг бодохын шалтаг үүсчээ.

Зохиолын гол дүр өөрөө энэ бол нэг үйлийн зөвхөн нэг талыг өгүүлээгүй шүү гэдгийг бэлхэн хэлээд өгч байгаа юм. Яг л сар бүтэн болохын төлөө өдөр өдрөөр тэмүүлж байснаа буцаад л хэсэг хэсгээр хугаслагдан замхардаг шиг.

  1.                 Бүтэн сар буюу арван тавны давхцал:

  Санж дөрвөн настайдаа убаши банди болж, долоо настайдаа Чоймчиг гэлэнд шавь орсон бол түүний эцэг Сайнцогт, Эх Цэндээ нар долоо найман настайгаасаа Буянзалбирах хийдийн балин шалсайг  түүж идэж хамтдаа амь зогоох болсон. Санж усан гахай жилийн хаврын эхэн сарын 15-д төрсөн бөгөөд 15 насандаа гэцлийн сахил хүртсэн. Харин эцэг эх хоёр нь арван дөрөв таван настайгаасаа хайр сэтгэлийн холбоотой болж айл гэр үүсгэн амьдарсан. Хүний амьдрал бол зогсошгүй хүрд түүнд ямар нэгэн байдлаар ийнхүү тоон давхцалууд илэрч байдаг гэсэн санаа байж болох. Пабон-хаг 3333 удаа тойрон гороо хийхэд 15 хоног буюу хагас сарын ажил болдог... Дахиад л бүтэн сарыг сануулаад байх шиг.

  1.                 Эх болсон зургаан зүйлийн төлөөлөл болсон дүрүүд:

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд ом ма ни бад  ме хум гэсэн маанийн зургаан үсэг шиг зургаан мөргөлчид өөр өөрийн гэсэн чин хүсэл зорилготойгоор Лхасзууг зорин одно. Тэнгэр дэвших хүсэл сонирхолтой Чоймчиг гэлэн “ОМ” үсгийг, Оргилгүй эрдмийн оройд нь гарахаар зүтгэж яваа Санж гэцэл “МА” үсгийг, онцын зорилгогүй, есөн эрүүгээс зугтаан алс замд гарч эрх дураараа яваа Бөхмагнай “НИ” үсгийг, эхнэрийн хамт буян үйлдэхээр яваа хэнэггүй эр Хархүү “БАД” үсгийг, эрүүл саруул үзэсгэлэн төгсч үрийн заяагүйдээ гутран шаналах Отгон хүүхэн “МЕ” үсгийг, өвчин шаналалдаа дарагдан бөгтөрсөн Өлзий “ХУМ” үсгийг тус бүр төлөөлсөн байвал ямар вэ? Жинд гарахад л зохиолч тэдний хувь заяаг хэдийн шийдчихсэн байсан юм шиг.

-          Өөрийн өчүүхэн нүглийн төлөөсөнд амьдаараа зулын гол болсон Чоймчиг гэлэн амар амгалангийн ТЭНГЭРтээ  одож

-          Суусан газрынхаа ширхэг шороогч алдалгүй атгаж, эрдэм номын оройд гэгээрсэн ч амьдралын мөн чанарын талаар, атаа хорсол, өс хонзон хар барааны талаар төдийлөн ухаарч амжаагүй Санж гэцэл үхлийн цөллөгөд амьдын жаргал эдлэн хэнд ч харагдахгүй АСАР мэт төгсөх

-          Бэрээвин хийдэд морь, тэмээ оруулахгүй учир сарлагаар солих үед мөн л тэр эсэргүүцэж, Далай ламын өргөөнөөс хөөгдөн гарахад ганцаараа ёс жаягийг үл бодон танхайрч, хамгийн бүдүүлэг, юм бүхнийг сөрдөг Бөхмагнай эрх дураараа ХҮНий хүслээр жаргаж,

-          Нэг их тод дурсагдахгүй ч зохиолын чимэг болж өгсөн Хархүү АДГУУС адил нэг л өдөр замхран арилж,

-          Нөхрийн заяа байвч үртэй болж чадахгүйдээ гансран Лхас зуу бурхан номын орныг хоёронтой зоривч, явах бүрдээ ханиа алдаж гансрах, хожим амьдралд нь ганц удаа үр заяахад зулайг нь ч үнэрлэж чадалгүй харамсал гомдол дүүрэн орчлонгоос одох Отгоны хувь төөрөг БИРДийн явдлыг мэдрүүлж

-          Цээжээ хатангирштал өвчиндөө дарагдсан дунд эргэм насны эр Өлзий бурхны гэгээн мутраас адис аван амьдын ТАМаас хагацана гэж ийм төлөвлөгөөт үйл явдал өрнөсөн байж болох юм.

Энэ бүх үйл явдал дүрээр дамжуулан юуг хэлэх гэсэн бэ?

-          Бурхны шашны дэг жаяг, шүтээн тахил, хэв журам, сайн хийгээд мухар сүсэгтнүүдийн саар муу үйлийг таниулж хүн бүр өөрөө дүгнэлт хийх боломж олгосон юм болов уу?

-          Аливаа гэгээн сайхан бүхнийг дагаад саар зүйл заавал гардаг. Бурхан байхад чөтгөр заавал байдаг. Диваажинтай зэрэгцэн там оршдог. Үүнтэй адил бурхны үнэнч шавь нарын дунд зүсээ хувилгасан чөтгөрүүд оршиж аливаа зүйлийг харлуулж байдаг гэдгийг харуулсан юм болов уу?

Оройгүй сүм хэмээх нэрийн учир дутуу баригдсан дуган ч биш ер нь та ямар өнцгөөс харж, ямар зүйлийг эрэл хайгуул хийнэ тэр л чиглэлээрээ, барих тусам оргилгүй эрдмийн уурхай болж өгөх юм гэдэг нь харагдлаа. Ямар нэгэн зүйлийг хэт их дөвийлгэн магтахаас илүү сайн муу, хар цагаан бүхнийг нь энэ тэнцүүхэн танилцуулаад өгөхөөр жинхэнэ мөн чанарыг нь ойлгосон хүндээ л ач холбогдол нь харагддаг юм болов уу.

“100 монгол романы тэмдэглэл” төслийн идэвхтэн бичигч Г.Нандинцэцэг