Ч.Лодойдамба "Алтайд" романы тэмдэглэл
Тэмдэглэл
Хүн чанар: Хэдийгээр энэ зохиол адал явдалт шинжлэх ухааны сэдэвт роман боловч зөвхөн хүн нийгмийн харилцаа, мөн чанарын тухай өгүүлдэг. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг үгийг энэ номонд оруулсан байгаа. Энэ үгийн утга санаа агуулга номын баатруудын үйлс ажлын нэвт гарсан гол шугам болдог. Тиймээс л тэд хадан хавцал руу унах, чононд бариулах аюул, угалзан шуурганаас мэнд мултрах, ирвэсэнд идүүлэх, хөлөө хугалах, хоол хүнсгүй говь цөлд олон хонох, үл мэдэгдэн үл танигдах нууцлаг тохиолдлын айдас нүүрлэх, цахилгаанд цохиулах зэргээс аврагдсан юм. Энэ бол ХҮНИЙ МӨС ЧАНАР-ын тухай юм. Үүнд залуу оюутан бүсгүй Гэрэлийн хайртай хүнийхээ амьдралыг өвчин халдааж баллахгүй гэхдээ хуурамчаар аашлан хайрынхаа эсрэг хайртынхаа төлөө гэсэн өөртөө хатуурхах сэтгэлээс тодорхой үзэж болно. Панов Баяр нарын бие биеийн төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэж байгаа хүнлэг нинжин төлөвшил, хүмүүжлийг олон газар тодорхой харуулдаг.
Эв нэгдэл: Мөс чанарын хажуугаар ЭВ НЭГДЭЛ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛ гэдэг ямархан агуу хөшүүрэг болохыг ч тов тод үзүүлсэн байна. Тиймээс л тэд өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлж “цагаан толбо” болсон домгоос цаашгүй онгон зэрлэг газрын эрдэс баялгийг нээж, олон адал явдлыг туулан, домог болсон олон нууцлаг үзэгдлийг шинжлэх ухаанчаар тайлж, бүгдээрээ эсэн мэнд ирцгээдэг.
Түүхийн талаар: Тухайн нийгмийн байдал, үзэл суртлаасаа болоод эзэн Чингэсийн түүхийг эзэрхэг харгис алуурчин гэдэг утгаар тайлж, барууны болон ялагдсан орнуудын түүх, тэр үеийн зарим эрдэмтдийн бичсэнээр ойлгож, бичдэг байсан нь энэ номд тод харагдана. Профессор Бат нэгэн мөнгөн гэрэгэ олоод “Урьд алаад, хойно айлтга” гэсэн харгис онцгой эрхийг өгч байсан Чингэс хааны гэрэгэ байна хэмээн сэтгэж улмаар харгис үзэгдлийг ургуулан боддог.
Улс нийгмийн байдал: Хувьсгалын дараах хорь гаран жил бол хөгжлийн замаа олж, ЗХУ-тай нягт хамтын ажиллагааныхаа эхийг тавиад удаагүй, үндэсний мэргэжилтнүүдийг гадаадад бэлтгэн түрүүчээсээ эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж үндэсний үйлдвэрлэлийн эхийг тавьж байсан, улс төр эдийн засаг нийгмийн хөгжлийн сууриудыг шатлан өргөжүүлж дөнгөж эхэлж байсан цаг. Энэ цагийн онцлогийг нийслэл хотын нүүр царай, байгууламжууд, төв талбай, залуусын ярианд дурьдагдаж буй үйл явдал, шинэ соёл, хөдөөх малчдын шинэ үзэгдэлд хандах хандлага зэргээр дамжуулан өргөнөөр тусгасан зохиол юм.
- Зохиолын гол санаа сургамж ач холбогдол:
Үнэ цэн: Романы бүх үйл явдлуудаас уншигч эрхмүүд АМЬДРАЛЫН үнэ цэн, НӨХӨРЛӨЛИЙН ач тус, ХАЙР СЭТГЭЛИЙН үнэ цэнийг мэдэрнэ, Энэ бол уг бүтээлийн гол сүнс нь мэт.
Хүн зорьсныхоо төлөө тууштай зүтгэх, хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ дурлах, түүгээрээ амьдрах нь хүн гээч бодгалын жинхэнэ эрэн хайдаг аз жаргалд хүргэдэг болохыг энэ зохиол бас л хуудас бүрдээ ямагт харуулдаг. Дуртай мэргэжлээ эзэмшиж өнгө мөнгө харахгүйгээр түүндээ ажилладаг хүн, туйлын хүсэл эрмэлзэлтэй болж түүндээ нэг л өдөр хүрдэгийн жишээг тод агуулдаг. Үүгээрээ залууст сургамжтай басхүү төлөвшлийн ач холбогдолтой байна.
- Ирээдүйн уншигчид яагаад уг зохиолыг унших хэрэгтэй вэ…
Энэ бол түүх. Монголд цоо шинэ ажил мэргэжил болох геологи хайгуулын ажлын талаарх анхны мэдээллийг уншигчдад өгсөн. 1940-өөд оны Монгол улсын хөгжил соёл, тэр үеийн алслагдсан нутгийн малчин ардын аж амьдрал, зан араншин тодорхой тусгагдсан байдаг. Энэ нь социалист бүтээн байгуулалтын эхэн үе бөгөөд ах дүүгийн найрамдалт ЗХУ-ын тусламж дэмжлэгээр гэгээрлийн эрин үе рүү шилжиж байх явц юм. Тиймээс үндэсний сэхээтнүүдтэй болж, тэд хөдөлмөр мэргэжлээрээ эх орныхоо бүтээн байгуулалтанд тус болж эдийн засгийн чадавхийг өсгөж байсан үе. Боловсрол гэгээрэл, эрүүл ахуйн хувьд цоо шинэ шатанд гарч, мэргэжилтэй ажилчин бэлтгэгдэж, хэрэгцээт мэргэжлээр инженерүүдийг ЗХУ-д сургаж байсан цаг. Тиймээс инженер, Эрдэнэ, Баяр, багш түүхч Бат, жолооч Идэр, ажилчин Төмөр нарын мэргэжил, ажиллах байдал, бодол сэтгэлгээ, аливаад хандах хандлага, шйидэл зэргээр дамжуулан шинэ цагийн сэхээтнүүдийн дүрийг товойлгон, зэрлэг онгон байгал, домогт Бичигт богдын ашигт малтмалыг тэд нээж байгаагаар хөгжил дэвшлийг монгол хүн хэрхэн өөрийн гараар байгуулж байгааг голлон харуулсан зохиол юм. Хувьсгалаас өмнөх үеийн хүүхэд залуусын өсөж өндийсөн орчин, сурч боловсрох байдал нь дийлэнхдээ ламд шавь орохоос өөр аргагүй байсан тухай, хүнд нөхцлийн тухай, ардын ядуу зүдүү байдлын тухай Бат профессорын бага залуу насны бэрхшээл зовлонгийнхоо тухай ярьсан дурсамжаар дамжуулан тодорхой ойлголт өгдөг. Энэ нь өнөөгийн залуус хүүхдүүд болоод ирээдүй хойчийн багачуулд нэн сонин бөгөөд ямархан замыг туулж өнөөд хүрч ирснийг мэдэж авах нэг шижим тул заавал унших номын тоонд байвал зохих бүтээл мөн.
Шинжлэх ухааны нээлт ололт мэдлэг дээр тулгуурладаг гэдгийг уншиж, эв нэгдэл хүн чанарын жишээ сургуулийг эндээс үзэж болох юм. Мөн мэргэжил эзэмших мэргэжилдээ дуртай байх, дуртай мэргэжлээрээ чин шударгаар ажиллахын аз жаргал, жишээг харж үлгэр дуурайл авах буйза.
Гэвч энэ бол зөгнөлт зохиол, энд зөгнөсөн сайны жишиг болсон үндэсний сэхээтнүүд Монголд олон мянгаараа бий болж, Шинжлэх ухааны академи байгуулагдаж, зэс молибдений том орд \Эрдэнэт\ нээгдэж байгаа зэрэг нь биелсэн билээ.
Тэмдэглэл бичсэн Л.Сэлэнгэмөрөн